Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний зургаан салбар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Төрөөс хэлний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, бодлогын санал, зөвлөмж боловсруулах зорилготой энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагын багш, удирдах ажилтан, эрдэмтэн судлаач, арга зүйч, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд зэрэг 800 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд дараах зургаан чиглэлээр салбар хуралдаанууд өрнөж байна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР СУРАХ БИЧИГ
Энэхүү салбар хуралдаанаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж байна.
Оролцогчид сургуулийн өмнөх боловсролын хэл яриа болон бага боловсролын монгол хэлний шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээний хүрээнд авч хэлэлцэн, шийдвэрлэх санал дэвшүүлж байна. Мөн суурь болон бүрэн дунд боловсролын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын сургалтын чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулж байна.
МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦОО БА БАГШИЙН ХӨГЖИЛ
Тус салбар хуралдаан нь монгол хэл, уран зохиолын багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал, багшийн мэргэжлийн хөгжил, тасралтгүй суралцах боломжийг сайжруулах асуудалд төвлөрч байна.
Хуралдаанаар багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой шийдэл, зөвлөмжийг боловсруулж байна.
МОНГОЛ ХЭЛ, ҮНДЭСНИЙ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН СУРГАЛТАД АШИГЛАХ ТЕХНОЛОГИ БА КОНТЕНТ
Сургалтад дижитал технологи, хиймэл оюун ухаан, цахим контент, интерактив хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах боломж, сайн туршлага, тулгамдаж буй асуудлыг энэхүү салбар хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр багш нар сургалтад цахим аппликейшн, аудио, видео болон интерактив контент ашиглаж буй туршлагаа солилцож, мэдээллийн технологийн ур чадварыг хөгжүүлэх, нэгдсэн цахим сан бүрдүүлэх, цахим хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүллээ.
ХЭЛ ШИНЖЛЭЛ, УТГА ЗОХИОЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ
Энэхүү салбар хуралдаан нь хэл шинжлэл, утга зохиолын судалгааны шинэ ололт, үр дүнг сургалтын агуулга, арга зүйтэй уялдуулан ашиглах боломжийг тодорхойлоход чиглэж байна.
Оролцогчид судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх, шинэ мэдлэг, инновацыг боловсролын практикт нэвтрүүлэх, дижитал технологи болон хиймэл оюун ухааны боломжийг сургалтад оновчтой ашиглах асуудлыг хэлэлцэж байна.
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛ, НОМ УНШИХ ДАДАЛ, ОРЧИН, НӨЛӨӨ
Хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, ном унших дадлыг дэмжих, эх хэлээрээ уншиж ойлгох, бичих, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх асуудал энэхүү салбар хуралдааны гол сэдэв болж байна.
Хэлэлцүүлгээр хүүхдийн уран зохиолын хөгжил, унших орчныг сайжруулах, багш, номын сан, соёлын байгууллага, гэр бүл, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлын шалтгаан, шийдвэрлэх арга замыг тодорхойлох чиглэлээр санал солилцож байна.
ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ, УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАР
Тус салбар хуралдаанаар суралцагчдын уншиж ойлгох чадвар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хэлний бодлогын хэрэгжилт, үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний боловсрол, гадаад дахь монгол хүүхдийн эх хэлний боловсролын асуудлыг хөндөн хэлэлцэж байна.
Мөн эх хэлний боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, уншиж ойлгох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, арга зүйн шийдлүүдийг хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулж байна.
Зургаан салбар хуралдаанд хэлэлцсэн асуудал, санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн зөвлөмжийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх юм. Энэхүү зөвлөмж нь монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, суралцагчдын эх хэлний хэрэглээ, уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн чухал үндэслэл болно.
Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу маргааш Төрийн ордонд болно.
Сэтгэгдэл үлдээх