Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон.
Тус хуулиар хамаарах хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох, нийлүүлэгч компаниуд тээврийн хэрэгслээ бүртгүүлэх, жолооч сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байх, 18 нас хүрээгүй хүүхэд энэ төрлийн хэрэгслийг жолоодсон тохиолдолд эцэг, эхийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг багтсан.
Гэсэн ч скүүтер, мопед зэрэг энэ хүрээнд хамрах тээврийн хэрэгслийг түр хугацаанд хориглохоор болжээ. Учир нь дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03/4627 дугаар албан бичгээр холбогдох байгууллагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хэрэгжилтийн явц, үр дүнг тус сарын 21-ний өдөр танилцуулахыг үүрэг болгосон.
Мөн нийслэлээс Боловсролын яам болон Зам, тээврийн яаманд хандан дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан батлан гаргах шаардлагатай холбогдох журам батлагдсан эсэх талаар тодруулга хүссэн боловч одоогоор хариу албан бичиг ирүүлээгүй байна.
Гэтэл сүүлийн хэдэн өдөр улс даяар шатахууны оочир дугаар нэмэгдэж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсээд байна. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар “Улсын хэмжээнд АИ-92 бензин 17 хоног, дизель түлш 20 хоногийн нөөцтэй байна” хэмээн мэдээлсэн юм. Цаг үеийн хүндрэлтэй энэ нөхцөд иргэд ихэвчлэн нийтийн тээврийн хэрэгсэл болон скүүтер, мопед зэрэг бусад тээврийн хэрэгслээр зорчих нь түгээмэл. Гэтэл ийн цаг үеэ мэдрээгүй, уялдаа, авцалдаагүй шийдвэр гарсаар байна.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Өнөөдөр скүүтер, мопед зэрэг түрээсийн тээврийн хэрэгслийг яаралтай гаргаж, ашиглуулах талаар албан бичиг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсэн" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх