Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өнөөдөр (2026.08.03) Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайн цогцолборт ашиглалтад оруулжээ. “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан эл байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залган ажиллах техникийн боломж бүрдүүлж буй. Ингэснээр өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмж импортлон, өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал буурна. 220 кВ-ын зургаан оруулгатай, гурван км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох дэд бүтэц юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Өнөөдөр бид БНХАУ-аас 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний системд импортлох боломж бүрдүүлсэн “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулж буй үйл явдлын гэрч болж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд хамтран ажилласан Монгол, Хятадын нийт байгууллага, инженер, техникийн ажилтан, ажиллагсад та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эл бүтээн байгуулалт нь Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ирсэн. Үүний хүрээнд 2023 онд Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь эл төслийг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм.
“Оюутолгой” төсөл нь Монголын эдийн засгийн өсөлт, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэрүүдийн нэг. Иймээс тус төслийн цахилгааны найдвартай хангамжийг бүрдүүлэхийн сацуу эрчим хүчний системийн уян хатан ажиллагааг сайжруулж буй энэхүү бүтээн байгуулалт нь эрчим хүчний салбарын төдийгүй улс орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Мөн “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой ирээдүйн төлөөх энэхүү хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, илүү олон бүтээн байгуулалтын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.

Эргэн сануулахад, 2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюутолгой” компанид тавьсан бөгөөд барилгын ажлыг 2024 онд эхлүүлж байв. Энэхүү дэд бүтцийг ашиглалтад оруулснаар Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэгцээг ирээдүйд дотоодын эх үүсвэрээр хангах талаар Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилт нэг алхмаар урагшиллаа. Тус байгууламжийг шинэ эх үүсвэрүүдтэй холбох, цаашид өргөжүүлэх техникийн боломжтой барьсан юм.

“Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийн төслийг Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Оюутолгой” ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний групп” компани болон дотоодын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, мэргэшсэн багуудын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2000 орчим инженер, техникийн ажилтан оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх