Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн баасан гарагт АНУ-ын B1(бизнес) болон B2(жуулчин) ангиллын визийн барьцааны хөтөлбөрөө байнгын хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.
Ингэснээр нэрлэгдсэн 50 улсын иргэд виз олгогдохоос өмнө 20,000 ам.доллар хүртэлх барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болж байна. Энэ нь ойролцоогоор 72 сая төгрөг юм. Харин визийн бүх нөхцөлийг даган мөрдөж, АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа зорчоод буцсан виз мэдүүлэгчид барьцааг нь бүрэн буцаан олгох юм.
Дээрх 50 улсаас 30 нь Африкийн орон бол Монгол Улсаас гадна Бангладеш Бутан, Балба, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Камбож зэрэг Азийн орнууд багтжээ.
АНУ энэхүү бодлогоо визний хугацаа хэтрэхээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгджээ. Судалгаагаар 2024 онд жагсаалтад орсон 50 орны 45,500 орчим жуулчин визний хугацаа хэтрэлттэй байжээ. Туршилтын хугацаанд энэ тоо 50 хувиар буурсан гэнэ. Мөн энэ хугацаанд эдгээр орнуудын виз олголтыг өнгөрсөн онтой харьцуулахад 83 хувиар буурсан гэв.
Бондын дээд хэмжээг 2027 оны 10-р сарын 1-ээс эхлэн АНУ-ын инфляцаас хамааран өөрчлөх бөгөөд үүнээс хойш долоон жил тутамд нэг удаа тогтоох юм байна.
Хөтөлбөрийг анх энэ оны дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 1-н хүртэл туршилтынх байв.
Туршилтын хугацаанд барьцааны төлбөр 10,000 ам.доллар байсан бол шинэ журамд 10,000, 15,000, 20,000 ам.доллар байхаар тогтоожээ. Хөтөлбөрийн байнгын хэрэгжилт энэ сарын 3-наас буюу өнөөдрөөс эхлэх аж.
Эх сурвалж: Federal Register
Сэтгэгдэл үлдээх