Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэл өглөө.
Энэ сарын дөрөвнөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой харгалзан шатахуун олгож, нэг удаа цэнэглхэд дээд тал нь 50 мянган төгрөгөөр хязгаарлахаар болжээ. Мөн зөөврийн саваар шатахуун олгохгүй.
Түлш, шатахууны нөөцийг оновчтой, зөв хуваарилах хүрээнд авч хэрэгжүүлж буй дээрх шийдвэр 8 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ, ОХУ зэрэг улс орнууд ч төстэй зохицуулалт хэрэгжүүлж байна хэмээн мэдэгдэв.
2021 онд 1,816 мянган тонноос эхэлж байсан импортын хэмжээ 2025 он гэхэд 2,941 мянган тоннд хүрч өсжээ. Шатахууны худалдан авалтад зориулсан санхүүжилт 2021 онд 1.008 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 2.118 тэрбум ам.доллар болж 2 дахин өссөн байна.
Импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний 97%-ийг ОХУ-аас, 2%-ийг БНХАУ-аас, 1%-ийг бусад орноос авч байна.
Бүтээгдэхүүний бүтцээр авч үзвэл 63.5%-ийг дизель түлш, 29.2%-ийг Аи80-98 автобензин, 4.2%-ийг бусад төрлийн бүтээгдэхүүн, 3.2%-ийг онгоцны түлш (ТС-1) эзэлж байна.
Шатахууны хэрэглээний хамгийн өндөр хувийг Говийн бүс (43%) болон Төвийн бүс (40%) эзэлж байгаа бол Хангайн бүс 2%, Баруун бүс 8%, Зүүн бүс 5%, Хойд бүс 2%-ийг тус тус эзэлж байна.
Тусгай зөвшөөрөл ба дэд бүтэц (2025 он): Импортлох тусгай зөвшөөрөлтэй 178, бөөний худалдаа эрхлэх 195, жижиглэнгийн худалдаа эрхлэх 193 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд шатахууны 117 агуулах, шатдаг хийн 10 агуулах, 1,554 ШТС болон 122 АХЦС ажиллаж байна.
БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, нөөцийн сайд болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, манай улсад 5,000–10,000 тонн онгоцны түлш, 10,000 тонн дизель түлш, 10,000 тонн Аи-92 автобензин нийлүүлэх талаар хэлэлцэж, зарчмын тохиролцоонд хүрсэн.
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг 2025 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулсан.
Агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх чигллэлээр,
Улсын төсөвт 299,725 м³ багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах шинээр барих, өргөтгөх ажлын хүүгийн татааст 20 тэрбум төгрөгийг батлуулсан.
Арилжааны банкийн хөнгөлөлттэй зээлээр 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд барилгын ажил явагдаж байгаа бөгөөд энэ онд 150,000 м³ агуулах ашиглалтад орно.
Ингэснээр шатахууны 1 сарын нөөц хадгалах боломжийг 3 сар хүртэл өсгөх боломж бүрдэх юм.
Шинээр баригдаж буй төмөр замын дэд бүтцийн дагуу томоохон агуулахууд барих асуудлыг Зам, тээврийн яамтай хамтран шийдвэрлэж байна.
Сэтгэгдэл үлдээх