АНУ-ын Засгийн газраас цагаачлалын тогтолцоог өөрчлөх өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогынхоо хүрээнд гадаад оюутан, солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэн болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудын визийн журамд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн байна. Хэрэв шүүхээр хориг тавихгүй бол энэхүү шинэ журам 09 дүгээр 15-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Шинэ журмын хүрээнд гадаад оюутан (F виз), солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэн (J виз), олон улсын хэвлэл мэдээллийн ажилтан (I виз)-ийн хувьд АНУ-д байх хугацааг хязгаарласан байна. Тухайлбал, өмнө нь эдгээр ангиллын визтэй хүмүүс тухайн хөтөлбөрөө дуустал АНУ-д хугацаа хязгаарлалтгүйгээр байх эрхтэй байсан бол шинэ журам хэрэгжсэнээр гадаад оюутан болон солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэний тухайн улсад байх хугацаа нь хөтөлбөрийн дуусах хугацаа эсвэл дээд тал нь 4 жил (аль богино)-ээр хязгаарлагдана.
Харин хөтөлбөр нь дууссаны дараа АНУ-ыг орхин гарах хугацааг F-1 визтэй оюутнуудын хувьд өмнө нь 60 хоног байсан бол 30 хоног болон багасчээ.
Шинэ журам хэрэгжиж эхэлмэгц хуучин хүчин төгөлдөр, дээрх ангиллын визтэй иргэдэд хугацааны хязгаарлалтууд үйлчилж эхэлнэ. Тухайлбал, бакалаврын хөтөлбөр нь дуусахад 3 жил үлдсэн оюутан дээрх хугацааны хязгаарлалтад орж, хөтөлбөр нь дуусах хугацаа дээр нэмэх нь 30 хоногийн хугацаатай байхаар зохицуулагдана.
Түүнчлэн, АНУ-д байх хугацаагаа сунгах хүсэлт гаргах бүртээ хүрээнд гадаад оюутан (F виз), солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэн (J виз), олон улсын хэвлэл мэдээллийн ажилтан (I виз) дор хаяж 420 ам.долларын хураамж төлөх юм.
Шинэ журмаар бакалаврын зэрэгт суралцаж буй гадаад оюутнууд эхний жилдээ мэргэжлээ эсвэл сургуулиа солихыг хориглох бөгөөд Дотоодын аюулгүй байдлын яамнаас (DHS) "онцгой нөхцөл байдал" (байгалийн гамшиг эсвэл сургууль хаагдах гэх мэт маш ховор тохиолдол) гэж үзсэн тохиолдолд л сургууль, мэргэжлээ солих боломжтой.
Түүгээр ч зогсохгүй, сургуулиа төгссөн оюутнууд ижил түвшний өөр зэрэг горилох зорилгоор АНУ-д үлдэхийг хориглох аж. Жишээлбэл, бизнесийн чиглэлээр бакалавр хамгаалсан оюутан математикийн чиглэлээр дахин бакалаврын зэрэг горилохоор үлдэж чадахгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний буюу магистраар үргэлжлүүлэн суралцах тохиолдолд л АНУ-д үлдэх боломжтой болно.
Эх сурвалж: www.americanimmigrationcouncil.org
Сэтгэгдэл үлдээх