Украины нисгэгчгүй онгоц өчигдөр буюу даваа гарагт ОХУ-ын өмнөд хэсгийн Хар тэнгисийн эрэг дээрх Архипо-Осиповка тосгоны ойролцоох далайн эргийн амралтын газар руу довтолсны улмаас долоон иргэн амиа алджээ. Үүний гурав нь хүүхэд байжээ.
Мөн Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьевын мэдээлснээр, 40 хүн бэртэж, 17 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр уг явдлыг энгийн иргэд рүү халдсан санаатай цохилт хэмээн буруутгаж байгаа ч Украины зарим телеграмм хуудсаар дроны хэлтэрхий осолдож, тус хэсэгт унасан гэлцэж байна.
Харин Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдэн хэдэн нотлох баримт дэлгэж, дэлбэрэлт болохоос өмнө буун дуу гарсан тул агаарын довтолгооноос хамгаалах хүчин дроныг буудаж унагасан байж болзошгүйг гэж үзэж байна.
Дээрх цохилтоос гадна өчигдөрхөн Зеленский мэдэгдэхдээ, Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэр болон нисэх онгоцны буудалд цохилт өгч, дор хаяж найман хүн амиа алдсан гэсэн юм.
Мөн хугацаанд ч Орос Украины Киед хотыг онилсон цохилтоо үргэлжлүүлж, бямба гарагт гэхэд есөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан талаар Ерөнхийлөгч Валадимир Зеленский мэдэгдсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт тэд Украины Кривой Рог дүүрэгт дэх барилга руу цохилт өгснөөр 10 хүнтэй гэр бүл амиа алджээ.
Сэтгэгдэл үлдээх