Шатахууны хомсдол аялал жуулчлалын салбарыг тэг зогсолт хийхэд хүргэж байгаа талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон холбогдох салбарын төлөөллүүд цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн
“7,8 дугаар сар бол манай салбарын хамгийн ачаалалтай өрнөл үе байдаг. Энэ наймдугаар сард манай улсад 120,000 жуулчин ирэх тооцоололтой байна. Энэ тоог бид түлшний үнэ нэмэгдсэнээс үүдэн нислэг цуцлагдах боломжтой гэж үзэн тооцоолсон. Хэрэв ийм асуудалгүй бол 150,000 жуулчин ирэхээр байгаа. Гэтэл сүүлийн үед үүсээд байгаа шатахууны хомсдолоос болж аялагчид шатахуун түгээгүүрийн газруудад урт хугацаагаар оочирлох, бензингүй болох, улмаар аяллаа үргэлжлүүлж чадахгүйд хүрээд байна. Дээр дурдсан 120,000 жуулчинд нийт 15,000 жолооч үйлчлэх тооцоололтой байна. Эдгээр машин дунджаар долоо хоног хөдөө явахад багадаа 300-400 орчим литр шатахуун шаардлагатай. Ингээд улсын хэмжээнд харахад зөвхөн наймдугаар сард жуулчдад үйлчлэхийн тулд 6000 орчим тонн бензин шаардлагатай байна” гэв.
Гэтэл тус мэргэжлийн холбоо Үндэсний их баяр наадмын өмнө жуулчдийн оргил үе болох дараах саруудад шатахууны хомсдол үүсэх магадлалтай байна хэмээн яамд хандахад “ямар ч айх аюулгүй ээ, бид шатахуунаа хангалттай нөөцөлсөн” гэжээ. Үүнээс хойш салбарын сайд болоод холбогдох яамд уулзах хүсэлт тавьсан ч одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна.
Иймээс Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс цаашдын нөхцөл байдлаа үнэн зөв мэдээлж, хамтарч ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл үлдээх