Ө.Алтай: Өсвөр үеийнхний холбогддог аймшигтай хэргүүд, асуудлыг хүсэл мөрөөдөл засна

Ц.Чимэдцэеэ
2026-08-04

Ч.Чинхүсэл

"Ховдын хүлгүүд” багийн эзэн Ө.Алтай 2004 онд 16 насны Монгол улсын шигшээ Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнээс Японы ахлах сургуулийн хөлбөмбөгийн багт сонгон шалгаруулсан дөрвөн хүүхдийн нэг болж, гурван жил тэтгэлгээр, суралцаж төгссөн. "Монгоол" төсөл санаачлагч 4000 гаруй хүүхдүүдэд 17 орон нутгийн нэгжид хөлбөмбөгийн хувцас хэрэгсэл бэлэглэж спортыг түгээн дэлгэрүүлсэн. Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө олон ажлыг хийж гадаадын элчин сайдын яамдуудаас талархлын бичиг хүртэж байсан удаатай.Ийнхүү бага залуугаасаа хөлбөмбөгийн спорттой хувь заяагаа холбосон түүний одоогийн зорилго олон хүүхэд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гүүр болох. Монголын хөлбөмбөгийн өнөөгийн нөхцөл 30 жил тогоонд нь чанагдсан хүний нүдээр ямар байгааг ний нуугүй ярилцлаа.

-Хөлбөмбөгийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ салбартай салшгүй холбоотой хүний хувьд догдолж үзсэн байх?

-Маш онцгой дэлхийн аварга боллоо. Хөлбөмбөгийн бүх цаг үеийн гэж яригдаж болохоор хоёр агуу эрхэмийн сүүлчийн ч байж болох тэмцээн өндөрлөсөн. Мөн анх удаа 48 багтай боллоо. Монгол Улсад энэхүү ДАШТ-ийг үзэхийн тулд цагийн бүсийн хувьд 12 цагийн зөрүүтэй ч залуучууд, дээд үе, хүүхдүүд үзэж байгаа нь миний хувьд сайхан байлаа.

-ДАШТ-ийг үзэж байх үед таны хувьд Монголынхоо баг тамирчдыг энд нэг харчих юм сан даа гэсэн бодол төрж эсвэл яг эх орныхоо хөлбөмбөгийн салбар, одоо байгаа нөхцөл байдлыг харж, бодож, дэнсэлж, эмзэглэж байсан болов уу?

-Тиймээ. Би өөрөө хөлбөмбөгийн дээд лигийн тамирчин байсан. Үүнээс гадна өсвөрийн шигшээ багаас сонгон шалгаруултад ороод, Японд ахлах сургуульдаа  хөлбөмбөгийн чиглэлээр сургуульд төгссөн Монголын цөөхөн хүмүүсийн нэг байгаа юм. Хойд солонгостой тоглоод, хожигдож байхдаа “Миний хувьд ДАШТ-д оролцох боломжгүй болсон юм байна. Гэхдээ ямар нэг байдлаар монгол хүүхдийг Монгол Улсаас дэлхийн аваргад оролцоосой гэсэн үүднээс “Монгоол” гээд хүүхэд залуучуудад хөлбөмбөгийн бөмбөг, хувцас хэрэгсэл бэлэглэдэг, спортод уриалан дууддаг төсөл санаачлаад, хэрэгжүүлээд одоо 10 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ төслөөс маань хүүхдүүд хөлбөмбөг тоглож эхлээд, ДАШТ-д оролцоосой, К.Роналдо Л.Мэсси нартай цуг гүйгээсэй гэсэн мөрөөдөлтэй.

Харамсалтай нь ДАШТ-д оролцож байгаа улсуудын түвшин рүү манай улс бага багаар ойртож байх ёстой ч Монголын Хөлбөмбөгийн Холбоо(МХХ), Монголын хөлбөмбөгийн хөгжил, түвшин хоцорч яваад миний хувьд эмзэглэж явдаг хүмүүсийн нэг. МХХ нь 60 жилийн түүхтэй.  Энэ бол хангалттай хөгжих хугацаа. Яахав, хагас хугацаа нь социалист нийгэмд явсан.

Ардчилал гараад 30 жил болж байна. Энэ 30 жилийн хугацаанд Монголын хөлбөмбөгт хөгжил дэвшил ирсэн үү гэвэл миний хувьд үгүй гэж хэлнэ. Энэ бол засаглалын алдаа. Дарга нарыг сонгох явц маш алдаатай. Жишээ нь Монголоос олимпод барилддаг бөхчүүд, боксчид  ялсан нь л явдаг. Харин энэ спортын алтан дүрэм, шударга байдал, өрсөлдөөн гэдэг зүйл манай хөлбөмбөгийн хувьд байдаггүй.

Хөлбөмбөгийн холбооны төсөл хэрэгжүүлдэг, хөрөнгө оруулалт татаж байгаа, хөлбөмбөгөөр сургуульд сурсан, хөлбөмбөгийн бодлогын түвшинд бөловсруулж байгаа энэ хүмүүс нь сонгуульдаа ороод, үгээ хэлээд, ажлаа тайлагнаад, ялаад явах ёстой. Гэтэл хөлбөмбөгт огт хамааралгүй, хөлбөмбөгийн талаар мэдлэггүй энэ салбарт ажиллаж байгаагүй, хамгийн чухал нь энэ спортыг хөгжүүлье гэсэн сэтгэлгүй хүмүүс нь сонгуульд ялаад байдаг юм. Сонгууль нэг ёсондоо шударга бус болоод ийм хүмүүсийг гаргадаг учир МХХ өнөөдөр хөгжиж чадахгүй байна.          

-Жил жилийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс санал, шүүмж дагуулсаар ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд бүр онцлогтой нь тамирчид, багш, дасгалжуулагч нар жагссан. Гэсэн ч асуудлыг шийдэж чадаагүй, холбоо үйл ажиллагаа явуулсаар байна. Яагаад нэг шугаманд зогсож чадахгүй байгаа юм бол?

-Юун түрүүнд хөлбөмбөг бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шашин шүтлэгээр ялгах, улс төр гэх зүйлсийг эрс эсэргүүцдэг. Учир нь эдгээр сэдэвүүд спортыг, хүмүүсийг хооронд нь талцуулж, хуваадаг. Энэ бүгдээс Монголын хөлбөмбөгт улс төр гэдэг аюултай зүйл нүүрлээд байна. Үе үеийн Ерөнхийлөгч нарын холбогдолтой, Ерөнхий Сайдын хамаарал бүхий хүмүүс МХХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг авч, ажиллаж байна. Ингэж улс төрийн нөлөөлөл орохоор шударга явах ямар ч үндэслэлгүй болж байгаа юм. Спорт өөрөө шударга өрсөлдөөн дээр тогтож байж аль сайн хүүхэд нь, аль сайн тамирчин нь дээшээ явна.

Би өөрөө өмнөх сонгуулиар М.Болд гээд хүнтэй өрсөлдөөд, ялагдсан. М.Болд мөнгө санхүүгийн асуудалтай болоод нэрээ татсан юм. Харин түүний оронд өмнөх удирлага болох төрийн эрх барьж байгаа том намуудын нэг төлөөлөл А.Ганбаатар нь өөрийнхөө найз, эмэгтэй хүнийг хүчиндсэн хэрэгт холбогдож байсан нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлж байсан хүнийг Хөлбөмбөгийн холбоонд оруулж ирсэн.

Энэ явдлыг хөлбөмбөгчид бүх шатандаа эсэргүүцсэн. Харамсалтай нь мөнгө, эрх мэдэл хэтэрхий хүчтэй байна. Хөдөө орон нутгийн мэдээллээс хол байгаа хүмүүсийг худалдан авах замаар сонгуульд ялсан. Ялах ялахдаа татан буугдсан саналын эрхгүй хүмүүсийг санал өгүүлж шударга бусаар ялсан юм.

Улмаар Монгол Улсын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа бослого зарлаж, тэмцээнээ хаясан. Гэвч хөлбөмбөг гэдэг бол өөрөө тэмцээн уралдаан нь явж байж тогтвортой хөгждөг, үүнийг харж байж хүүхэд залуучууд үлгэр дуурайлал аван “Би энэ ах шиг ээ болох юм сан, энэ тэмцээнд тоглох юм сан” гэдэг болно. Жил бүр хэдэн тэмцээнд явах ёстой гэсэн тоо байдаг. Клубуудын тэмцээн, Монгол Улсын шигшээ багийн тоглолтууд зэрэг тоглолтууддаа оролцох шаардлагатай болсон, хөлбөмбөгийн лигийг тогтвортой явуулах хэрэгтэй болсон.

Иймд буцаад тэмцээндээ оролцох нь Ц.Анандбазарыг Ерөнхийлөгч болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Хөлбөмбөгт бид хайртай, зогсох ёсгүй гэсэн үүднээс үргэлжлэн явсан байгаа. Тэр хөдөлгөөн тэндээ зогсоогүй, толгойлж байсан хүмүүсийн нэг нь би байна, одоо ч тэр үзэл бодолдоо үнэнч.

Дүрмийн бус, шударга бусаар ялсан ерөнхийлөгч маань өнөөдрийг хүртэл ямар нэг дорвитой ажил хийгээгүй байна. Лигийн багууд цөөрлөө, хөлбөмбөг гэдэг чинь өөрөө олон нийтэд хүрч байж хөгжинө. Гэтэл телевизийн сувгаар дамжуулагдахаа больсон, лигийн шагнал байхгүй болсон. Монголд мөнгө төлж хөлбөмбөг үздэг хүн байхгүй боллоо. Хамгийн нөлөөтэй нь нэр хүндийн асуудал болоод байгаа юм.

Би өөрөө дээд лигийн Ховдын Хүлэгүүд багийн эзэн, үүсгэн байгуулагч дээд лигийн оролцогч. Ц.Анандбазарыг ерөнхийлөгчөөр томилогдлоо гэсэн мэдээллийн дараа маш олон спонсор, ивээн тэтгэгчид хөлбөмбөгөөс холдсон. Энэ хүнийг орж ирэхээс өмнө арай ядан цуглуулсан спонсорууд хөлбөмбөгөөс явсан. Хэдий би ийм зүйл болж байхад харамсаж байсан ч баяртай байсан. Юун дээр баяртай байсан бэ гэвэл хөлбөмбөгт хөрөнгө оруулж байгаа олон сайхан компаниуд байгаа эд нар маань бас өөрсдийнхөө нэр төрийг, спортын ёс зүйг эрхэмлэж чаддаг юм байна гэдгийг би харж чадсан.

Харамсалтай нь олон жил бидэнтэй хамтарч ажиллаж байсан манай болон бусад багийг дэмжиж байсан компаниуд магадгүй дахиж хэзээ ч орж ирэхгүйгээр хаалгаа бариад яваад өгсөн. Энэ бол шууд мэдэгдэж байна. Манай багийн хувьд жишээ нь нэг ч спонсор орж ирээгүй. Манай баг гадаадаас л хөрөнгө босгож тэмцээн уралдаанаа үргэлжлүүлж байна.

Шагналын сангийн өрийг дарна, та бүгдийн шагналыг тогтвортой тавина, би том мөнгөн дүнтэй, том бизнес хийдэг хүн гэж рекламдаж гарч ирсэн хүн маань өнөөдрийг хүртэл шагналын мөнгийг маань өгөөгүй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй байна. Монгол улсад болдог байсан шигшээ багийн тэмцээнүүд болохоо больсон ийм байдалтай байна.                                                  

-Бид уг нь ОУХБХ(FIFA)-оос баяртай мэдээ дууллаа. Түүхэн дээд орлогоо олсон байна. Энэ орлогоо гишүүн орнууддаа тэнцүү хувааж өгдөг. Манайх шиг хөгжиж буй орнууд 4 жилд 8 сая ам.доллар буюу 27 тэрбум гаруй төгрөг гэсэн дүн сонсогдож байна. Энэ мөнгөн дүнг хөлбөмбөгийн хөгжилд зарцуулсан бол баяртай мэдээ байсан байх. Гэхдээ өчнөөн олон зөрчлөөс болоод орж ирэхгүй байх вий дээ гэсэн айдас байна. Дотор нь байгаа хүний хувьд тайлбарлаад өгөөч?

Би сүүлийн 30 жил хөлбөмбөг гэдэг спорттой ямар нэг байдлаар холбогдоод тууштай явж байна.Санхүү болон тайлан тооцоог мэддэг болоод 15 жил болж байна. Энэ хугацаанд яг бодит сэтгэлд хүрэхээр тайлан тооцоо бидэнд харуулж байгаагүй. Зүгээр танилцуулга(presentation) хэлбэрээр энийг ингэж үрлээ, энийг ингэж зарлаа ийм мөнгө орж ирлээ гэдэг юмыг л харуулж байсан.

Сонссоноор бол дээд тал нь 2 сая ам.доллар хүртэл жил болгон орж ирж байсан энэ мөнгө дэлхийн аваргатай жил болгон хоёр нугарч орж ирдэг гэсэн албан бус мэдээлэл байдаг. Та харж байгаа байх, дээд лигийн багийн эзэн, 30 жил хөлбөмбөгт явсан хүн ийм л мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ ямар хаалттай байгуулга вэ гэдэг нь харагдаж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо бол хуулийн статус нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгуулга. Нийгэмд үйлчлэх гэдэг маань нийтийн байгуулга, нээлттэй байх ёстой байгуулга мөн дэлхийн хөлбөмбөгийн холбоо ч гэсэн ийм байгуулга гэсэн үг. За тэгээд Азийн Хөлбөмбөгийн Холбооноос дэмжлэг байдаг, өмнө нь бид Японы Хөлбөмбөгийн Холбооноос дэмжлэг байсан, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос дэмжлэг байдаг.

Яг тодорхой мөнгөн дүнг надад үнэхээр албан ёсоор өнөөдрийг хүртэл би нэг ч удаа харж байгаагүй. Японы Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэг бол одоо зогссон. Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэг яагаад зогссон бэ гэхээр өмнөх Улсын Их Хурлын сонгуулиар тухайн үед нь удирдан явж, эрх барьж байсан одоогоор бариагүй байгаа цөөнхийн том нам нь сонгуулийн үеэр Төв аймагт байдаг талбайгаа Голомт банкд 500 сая төгрөгөөр барьцаалсан байгаа юм. За тэгээд тэр мөнгийг аваад юунд зарцуулсан гэдгийг би бол мэдэхгүй байна, гэхдээ сонгуульд зарцуулсан гэдэг асар өндөр хардалттай байгаа. Тэгээд энэ мөнгөний хэрэг гараад баригдаад миний бие тэр Open Data-аас олоод, олонд түгээгээд явж байсан юм л даа тэгсэн нөхдүүд сандраад нөгөө хөлбөмбөгт зориулаарай гэж өгсөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны өгсөн мөнгөөр нь тухайн өрийг дарчихсан.

Энэ нь өөрөө санхүүгийн асуудал үүсгээд, одоо Азийн Хөлбөмбөгийн Холбооноос Монгол руу чиглэж байгаа мөнгөн урсгал зогссон байгаа. Та 8 сая ам.доллар гэж ярьж байна. Энийг бол Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино амласан байгаа. Ганц Монгол, ядуу буурай улсуудад ч биш дэлхийн өндөр хөгжилтэй Английн Хөлбөмбөгийн Холбоонд хүртэл бид адил хувийг хүртээдэг юм. Холбоо нь нийт 211 гишүүн улстай байгаад байгаа яагаад 211 улс байгаа вэ гэхээр өөртөө засах засаглалтай орон хүртэл бүртгүүлж болдог. Жишээ нь Гуам гээд АНУ-ын өөртөө засах засаглалтай орон байна, Макао бол БНХАУ-ын өөртөө засах засаглалтай орон гээд эдгээр улсууд хүртэл бүртгүүлж болдог юм.

Энэ улс болгондоо адил хэмжээний мөнгийг тарааж өгдөг. Тэгээд Инфантино өөрөө хэлснээр 4 жилд 8 сая ам.доллар гээд. 8 сая ам.доллар нь Монгол мөнгөөр 30-аад тэрбум төгрөг энэ бол нэг аймгийн төсөв асар их мөнгө. Энэ мөнгөний захиран зарцуулж байгаа юм нь бид хэлээд байгаа улс төрийн хамаарал бүхий хүмүүсд очоод байна. Өнөөдөр улс төрчид хээл хахуулийг төрийн байгуулга нь хүртэл өөрсдөө шийдэж чадахгүй байна.

Тэгэхээр төрийн бус байгуулга хэрхэн яаж шийдэх вэ гэдэг нь маш их ярвигтай. Монголчууд маань нэг юмыг сайн ойлгоосой гэж хүсэж байна. Дэлхийд хөлбөмбөг тоглож байгаа хүмүүс нь л Монгол руу мөнгө өгөөд байна. Хөлбөмбөгөө хөгжүүлчээч мөнгө өгөөд байна гэж ойлгоод байдаг. Монголд асар их хүн хөлбөмбөгийг үздэг. Жил жилийн дэлхийн аваргаар асарт суугаад олдохгүй сая бас Төв Стадион дээр нээлттэй зарлаж байхад тоглолтоор нэг тэгж дүүрдэг, наадмаар нэг тэгж дүүрдэг.

Гэтэл хөлбөмбөг гэх спортыг өглөө 5 цагт зуны хамгийн сэрүүхэн цагт хүүхэд, залуучууд, хөгшчүүл гээд бүгд гараад үзэж байна. Тэнд тэгээд архи ууж ингэж тэгж байгаа хүн алга байна бүгдээрээ зүгээр л хөлбөмбөгийг үзэх гэж цугласан л хүмүүс байгаа юм. Энэ юу гэхээр хандалт юм. Хандалт юу вэ гэхээр бизнесийн бүтээгдэхүүн борлуулж байгаа хүн болгоны хүсэж байгаа зүйл. Энэ Монгол Улсын хандалт өөрөө цаашаа мөнгө болоод очиж байгаа юм. Жишээлбэл сая дэлхийн аваргад Монголд хөлбөмбөгийг шууд дамжуулж байхад эрх авсан компани байгаа хэдэн төгрөг өгснийг би бол сайн мэдэхгүй байна.

АНУ дангаараа 980 сая ам.доллараар нутагтаа шууд дамжуулахын эрхийн төлөө тэгж мөнгө өгч байгаа юм. Тэгэхээр Монголоос бас ийм их мөнгө байдаггүй юм аа гэхэд их мөнгө өгч байгаа. Мөн хүмүүс хөлбөмбөг үзэж байхдаа пиво ууж байна, ард нь БНХАУ-ын нэвтрүүлэг яваад байна энэ болгоны үзэж байгаа үзэлт болгон мөнгө болно. Монголын телевиз болгон IPTV-тэй болсон датагаар очиж байгаа нэг ёсондоо Монголчууд бид хөрөнгө оруулж байгаа юм. Тэр мөнгийг бид эргээд өгч байгаа юм. Түүнээс гадаадын мөнгийг шууд аваад бид аваад зараад үрээд байгаа юм байхгүй шүү гэдгийг үзэгчдэдээ хэлье ээ.                         

-Асуудлаа нэг талд гаргахын тулд шийдэхээр оролдож байгаа оролдлого, төлөвлөгөө байгаа юу?

-Одоогийн байдлаар төлөвлөсөн зүйл байхгүй. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос дүрэм гэж байдаг дүрмийн дагуу ямар нэг асуудал гарах юм бол ёс зүйн хороо, сахилгын хороондоо ханддаг. Хандаад дараа нь асуудал гарах юм бол FIFA-руугаа хандаад гээд дараалалтай  явдаг.

Бид өнөөдөр бараг хэдэн зуун хуудсыг ёс зүй, сахилгын хороондоо “Энэ буруу байна” гээд өгч байгаа боловч өнөөдөр албан ёсоор бидэнд хариу өгч байгаа газар алга байна. Монголын Хөлбөмбөгийн Холбоонд би албан бичиг өгөөд хариу нь ирээгүй байна. Сүүлд хуульчид нь шударга бус өрсөлдөөн болоод байна, алдаа гараад байна.

Жишээ нь сая манай холбоо хурлаа хийсэн юм. Яагаад ч юм бүү мэд анх удаагаа Дархан хотод болсон би өөрөө санал өгөх эрхгүй хөлбөмбөгийн холбооны гишүүн байсан. Гэвч тухайн хурлаас 24 цагын өмнө намайг гишүүнээс хассан. Би бол маш их гайхаж байгаа гишүүнээс хасаж болно ямар нэг үндэслэлтэйгээр яг сая миний дурссанаар сахилгын хороо ёс зүйн хороо оруулаад “Таныг ийм ийм үндэслэлээр ингэж хаслаа шүү. Хэрвээ та гомдолтой байгаа бол дүрмэндээ 14 хоногийн дотор давж заалдаарай давж заалдахгүй бол энэ шийдвэрийг хүчинтэй гэж үзнэ” гэдэг нарийн заагаад өгсөн Европын болон Дэлхийн хуульчидийн дүрэм байдаг.

Энэ дүрмийг өнөөдөр манайхан дотооддоо баримталдаггүй. Гаргах ёстой хороонуудад нь гомдол санал гаргахаар эргээд хариу ирдэггүй ийм байдалтай байгаад байгаа. Саяны асуудлаар цаашдаа дотооддоо бид арга хэмжээ авч чадахгүй юм байна. Ер нь тиймээс миний хувьд  Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо руу холбогдох байгууллагууд руу нь хандах бодолтой байгаа. Тэгэхээр дотоодоо бид Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос, Азийн Хөлбөмбөгийн Холбооноос ингэж үйл ажиллагаа явуулаарай ёс зүйн хороо, сахилгын хороог зөв үйл ажиллагаа явуулаарай гээд өгсөн мөнгөөр нь үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд нь дүрмийн дагуу ёс зүйн хороогоо ажилууллахгүй байна, сахилгын хороогоо ажилууллахгүй байна ажлаа хийхгүй байна.         

-Алдагдсан цаг хугацааг нөхөхийн тулд маш их хүчин чармайлт гарах байх. Хөлбөмбөгийн хөгжлийг буцаагаад бүтээн босгохыг хэр өөдрөг төсөөлж байна вэ?

-Эхний ээлжинд энэ бичлэгээр дамжуулаад хэлмээр байна. Хөдөө орон нутгийн болон Монголын Хөлбөмбөгийн Холбоонд санал өгдөг 50 гаруй гишүүд байдаг юм. Эдгээр хүмүүс маань шударгаар саналаа өгөх хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрийн хараад дэвшиж байгаа хүмүүсийнхээ юу хийж ирсэнг хараад саналаа өгөх хэрэгтэй.

Бид УИХ-ын сонгуулиар хардаг шиг мөнгөөр саналыг худалдаж авдаг энийгээ бид хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй гэж уриалмаар байна. Таны сая хэлснээр бид маш их боломжийг алдаж байгаа. Өнөөдөр Монгол Улсад өсвөр үеийн аймшигтай хэргүүд гарч байна. Хүүхэд залуучуудын маань хувьд миний үеийг бодох юм бол маш их хорт бодис гарсан байна.

Үүнээс гадна сошиал орчин гэж сатааруулах юмнууд маш их болсон байна. Энэ нь өөрөө хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлхөөс гадна, сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа. Энийг юу засах вэ гэхлээр орчин нөхцөл, хүсэл мөрөөдөл засна. Яг бодитоор Шингений орнууд шиг Финланд, Норвег гэх улсууд хүүхдүүдийнхээ спорт талбай, спортын боловсролын нөхцөлыг сайжруулаад өгсөнөөр гэмт хэрэг нь асар их буурсан. Та бүхэн маань бодоод үз л дээ тэр хүүхэд өнөөдөр бар руу явахаас өөр, харанхуй газар руу явахаас өөр сонголтгүй байна өнөөдөр манай улсад.

Манай өмнөх өмнөх үеийн дарга нар хөлбөмбөгийн талбайг булаасан. Бид сагсан бөмбөгөөр хөгжиж байна, воллейболлоор хөгжиж байна. Харин гадаа наранд том талбайд олуулаа гүйх талбай байхгүй болсон. Бүх л бүтэн 3 сая хүн амтай улсын нийслэлийн хотын төв цэгт хөлбөмбөгийн стандартын хэдэн талбай байгаа гэж бодож байна. Ганцхан талбай байдаг тэр нь Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбай байгаа ганцхан ширхэг шүү. Энэ нь өөрөө энэ спортыг ямар их хохирогч болгож байна, энэ зүйлийг хамгаалах ёстой, өмөөрөх ёстой эрх ашигынхаа төлөө тэмцэж байх ёстой.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч эдгээр хүмүүс өнөөдөр ажлаа хийгээгүй улмаас ийм байдал ирсэн байна. Өнөөдөр бид хүүхэд залуучууд маань багаар ажиллах, багаар ажиллаж сурах хамгийн анхны сэдэлийг өгөх нь багийн спорт. Энэ спорт яагаад дэлхий дахинд хөгжсөн юм, энэ спорт яагаад дэлхийн хаан спорт болсон юм, яагаад 6 тэрбум хүн үздэг юм, яагаад хэдэн тэрбум ам.доллараар нь яригддаг болж байгаа юм? Та бүхний хэлснээр нэг тэмцээн хийгээд 20 тэрбум доллар босгосон гэж энэ мөнгө Монгол улсын жилийн төсөв юм.

Энэнээсээ хэдэн саяыг нь Монголд өгье гэж байна. Асар их боломжийг бид булаалгаад байж байна. Жишээ нь нэг л юмыг хэлэхэд Монгол Улс Оюу Толгойн гэрээгээ хийж байхад 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч байсан байгаа юм. Гэтэл Криштиано Роналдо гэдэг ганц тамирчин Саудын Арабын багтай гэрээ хийгээд 200 сая ам.долларыг жилд авч байсан энэ нь бид хүн гэдэг ямар хүчтэй юм бэ? Бүхэл бүтэн уул уурхай газрын баялагаас илүү мөнгийг улсдаа авч очиж байна.

Роналдо 200 сая ам.доллароо барьж яваад алга болохгүй эх орондоо эргэж очоод бизнес хийнэ тэр мөнгө Португал улс руу орно. Гэтэл Монгол Улсын нэг тамирчин өнөөдөр дэлхийд гараад мундаг тамирчин болох юм бол тэр хэмжээний мөнгийг олох ёстой гэсэн спорт юм. Өнөөдөр Mongolz тоглоод сая сая ам.доллараар нь цуглуулж байна.

Үүнээс Монгол хүмүүс ямар их боломжтой юм бэ гэдгийг, спорт хүүхдүүдэд ямар их боломжийг олгодог юм бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Монгол хүн бол өөрөө Азиуд дундаа биеийн хүч нь мундаг түвшинд байдаг. Бүх төрлийн спортоор өрсөлдөөд дэлхийд дундаж буюу түүнээс дээш биеийн хүчтэй явдаг.

Харамсалтай нь дэлхийн 200 гаруй улсаас Монгол Улс хөлбөмбөгөөр 190-ээр байранд явж байна. Энэ нь өөрөө боломжгүй үзүүлэлт. Харин боломжгүй үзүүлэлтийг боломжтой болгоод байгаа ганц субъект байгаа нь бидний удирдлага л байна.              

-Хонгилын үзүүрт гэрэл байгаа болов уу?

-Бид засаглалаа өөрчлөх хэрэгтэй.

15 насанд минь аав ээж маань намайг битгий хөлбөмбөг тогло, энэ спорт чамд хэрэггүй чи хичээлээ хийгээд амьдралаа бод гээд өдөр болгон хэлж байсан. Бүр миний хөлбөмбөгийн хувцас хэрэглэлийг хаяж байсан тохиолдол байгаа. Тэгэхэд би аав ээжээсээ нуугдаад спортоор хичээллээд дотроо “Нэг л өдөр надад боломж ирнэ гэж хэлээд” зүтгэсээр байгаад би Монгол Улсын шигшээ багт орж байсан.

Тухайн шигшээ багт Япон улсаас скаутууд ирээд сонгон шалгаруулалтанд орсон. Манайх тийм боломжтой айл байгаагүй л дээ гадаад явж сурна гэдэг бол бүр бүтэшгүй тийм айл байсан. Тухайн үед 2002,2003 онд дарга нарын айлын хүүхдүүд л гадаад явж сурдаг байсан.

Тэгж байхад өдөр болгон надтай зүтгэсэн найзуудын маань ачаар л би сайн тамирчин болж байгаа юм. Японд 3 жил хөлбөмбөгийн сургуульд сурах боломжийг атгаж байсан. Энэ бол миний эргэн тойрны надтай хамт гадаа, гудманд шөнө орой, өглөө хичээллэж ирсэн найзуудын маань, дасгалжуулагчдын маань ач гавьяа.

Тиймээс өнөөдөр би боловсролтой болсон, Япончуудтай цуг бизнес хийж байна эргээд төсөл хэрэгжүүлээд олон хүүхдэд бөмбөг тарааж чадаж байна. Энэ спорт надад маш их зүйлийг өгсөн. Энэ спортоор дамжуулан олон хүүхдийг надтай адилхан боломжийг атгаад аваасай гадаад явж сураасай гэж хүсдэг.

Хүн болгон хичээлдээ сайн байдаггүй харин спортоор хичээллээд нэг ч гэсэн хүүхэд яваасай гээд байхад энэ замыг хаагаад байгаад би их харамсаж байна. Гэхдээ би бууж өгөхгүй яагаад бууж өгөхгүй вэ гэхээр намайг бас хүмүүс харж байгаа Ө.Алтай ах тэмцээд байна гэж харж байгаа учир би бууж өгөхгүй тэнд бол гэрэл байгаа ирээдүй ирнэ гэж би итгэж байгаа.

Хөлбөмбөг яагаад дэлхийн хамгийн том спорт болсон бэ ? Тогтмол 400-500 сая хүн тоглож байна мэргэжлийн түвшинд гэхэд л 260 сая хүн тоглож байна ийм спорт өөр дэлхийд байхгүй. Яагаад зургаан тэрбум хүн үзэж байгаа ингээд хөгжсөн юм бэ гэхээр хаана ч тоглож болдог амьдралын боломжгүй хүмүүс хүртэл тоглож болдог ийм спорт юм. Тийм учир энэ спорт дэлхий нийтэд спортын хаан болж хөгжсөн юм. Тэгээд дэлхийн шилдэг тоглогчид Криштиано Роналдо ч юм уу гадаа гудамжнаас гарч ирдэг.

Бразилын хүүхдүүд, Африкын хүүхдүүд мөрөөдлөө биелүүлж чаддаг. Заавал хичээл хийж чадахгүй байсан ч гэсэн хичээвэл дэлхийн аль ч өнцөгөөс Улаанбаатараас, Монголоос, Дорнодоос, Ховдоос мөрөөдлөө биелүүлэх боломжтой хүн төрлөхтний зохион бүтээсэн хамгийн гайхамшигтай зүйлсийн нэг юм.

Дэлхий нийтэд хамгийн их яригддаг хэл нь Хятад хэл юм байдаг юм байна учир нь хамгийн их хүн ам ихтэй улс юм. Үүнийг давсан нэг хэлээр ойлголцдог нь математикийн хэл байдаг дэлхийн аль ч өнцөгт очсон 1+1=2 бүгд ойлголцдог. Харин миний хувьд саяын хоёроос илүү давсан нэг хэл байдаг нь хөлбөмбөгийн хэл. Хөлбөмбөгийг би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр жишээ нь Африкт сургууль байхгүй газар, Азийн ядуу буурай оронд сургууль байхгүй газар тэнд хөлбөмбөг байдаг.

Хөлбөмбөг тоглож байдаг дүрмийг нь мэдэж байдаг. Японд байхад байсан Бразил багш маань надад нэг сургааль хэлж байсан юм. "Чи хаа нэг газар руу явахдаа хөлбөмбөгийн бөмбөг аваад яваарай хаана ч найзтай болно шүү" гээд. Тэгээд би үнэхээр л хөлбөмбөгийн бөмбөг аваад явсан дэлхийн аль ч өнцөгт найзтай болсон. Хүүхэд залуучууд хөлбөмбөгөөр хичээллэвэл дэлхийн аль ч өнцөгт найзтай болж чадна шүү. Хэлгүй байсан ч дэлхийн аль ч өнцөгт ярих сэдэвтэй найз нөхөрлөлтөй болгож чадах зүйл хөлбөмбөг шүү.

Ярилцлагыг видеогоор үзэх бол энд дараарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe