Дээд шүүх Либертари намыг бүртгэхээс түдгэлзсэн шалтгаанаа тайлбарлав

Н.Саруулдөл
2024-04-04

Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин сошиал хаягаараа дамжуулан "Либертари намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгөхөд сонгуулийн дараа бүртгэнэ. Сонгууль дуусах хүртэл бүртгэх боломжгүй, түдгэлзүүлж байна" гэсэн хариуг өгсөн хэмээн мэдээлсэн. Либертари нам нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш намаа бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд 4 удаа гаргасан ч одоо хүртэл бүртгээгүй байна. Тэгвэл Улсын дээд шүүхээс Либертари намыг яагаад бүртгээгүй талаарх тайлбарыг хийсэн байна.

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

  • Хуулийн этгээдийн нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн заалтыг зөрчсөн
  • 801 гишүүний мэдээлэл ирүүлэх шаардлагыг зөрчсөн,
  • Холбогдох зарим баримтыг хавсаргаж ирүүлээгүй зөрчил тогтоогдсон учир бүртгээгүй. 

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр

  • Шинээр үүсгэн байгуулагдаж буй Либертари намыг “ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан” гэж тодорхойлсон,
  • Тус намыг үүсгэн байгуулах хуралд хэдэн төлөөлөгч оролцсон нь тодорхойгүй, энэ талаар ирүүлсэн баримтууд нь зөрүүтэй,
  • Санал хураалтын дүнг баталгаажуулсан гэх Тооллогын комиссын шийдвэр ирүүлээгүй,
  • 801 гишүүний бүртгэлд Либертари намыг үүсгэн байгуулагч гэх Д.Амартүвшингийн өөрийнх нь нэр байхгүй,
  • Улс төрийн намын тухай хуулиар тусгайлан шаардсан зарим нөхцөлийг хэрхэн хангасан талаар баримтууд ирүүлээгүй,
  • Намд элссэн гэх гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй эсэх талаарх нотломж байхгүй,
  • Орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй,
  • Намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байх хууль ёсны хаягийг нотолсон засаг захиргааны тодорхойлолтыг ирүүлээгүй учир бүртгээгүй. 

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

  • Либертари намын гишүүн гэх 801 иргэний 245 иргэний мэдээлэл нь зөрчилтэй /овог нэр, регистрийн дугаар зэрэг үндсэн мэдээллүүд зөрүүтэй/,
  • Нэг хүнийг хоёр удаа бүртгэсэн,
  • Нэг регистрийн дугаартай хэд хэдэн өөр хүний бүртгэл хийгдэж нотломж ирүүлсэн зэрэг зөрчлүүд,
  • Өөр намын гишүүнчлэлгүй” гэж нотломж гаргасан зарим хүний нэрс нь 801 гишүүний бүртгэлийн жагсаалтад байхгүй,
  • Нам үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон гэх зарим гишүүний нэрс тухайн намын 801 гишүүний бүртгэлд байхгүй зэргээр ирүүлсэн баримтын үнэн зөв нотлогдохгүй байсан учир бүртгээгүй. 

2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр

Улс төрийн намын тухай хуульд "Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт болохоос 90 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хүлээн авахгүй бөгөөд энэ хуулийн 12.1, 13.1, 14.1-д заасан хугацаа түдгэлзэнэ" гэж заажээ. Иймд өргөдөл хүлээж авахгүй болон ирүүлсэн өргөдөлд холбогдох хугацаа түдгэлзэх талаарх хуулийн хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эхэлж байгаа аж. Тиймээс Улсын дээд шүүх Либертари намаас 3 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна. Учир нь, Улсы төрийн намын тухай хуулийн 14.1-д Улсын дээд шүүхийн хуралдаанаар нам бүртгэх эсэхийг 30 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан нь бүртгэхээс түдгэлзэх шалтгаан болжээ. 

Уг асуудалд Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин "Энэ бол эрх баригчид дарангуйллаа тогтоохын тулд шинэ намуудыг бүртгэхгүй байх бодлого явуулж байна" хэмээн байр суурийг илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe