Н.Учралын хориг У.Хүрэлсүхэд нөлөөлөх үү

Б.Энхтулга
2026-08-05

Саяхан даа ердөө нэг сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж олон түмний доог болоод дууссан. Хууль нь ч дэмжигдээгүй унасан. Энэ хуулийн төслийн гол агуулга нь юу байсан бэ гэхлээр үндэсний бөх, морин уралдаан, сур харваа гурвыг оролцуулсан ДАШТ зохион байгуулах байсан юм. Энэ гурван тэмцээнд нэг хүн дангаар оролцоно. Үүнийгээ тэрээр “Нэг эрийн гурван наадам” гэж нэрлээд байгаа. Мань хүн хуулийн төсөл нь унасан ч шарандаа Говь-Алтай аймагтаа зохион байгуулах тухай яриа өгч байлаа. Тэгвэл энэ наадмын санааг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжсэн үү эсвэл түүний санааг хулгайлсан уу “Монголын уламжлалт тэмцээн” нэртэйгээр 8-р сарын 13-нд зохион байгуулах гэж байна. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах энэ тэмцээн үндсэн формат нь яг О.Амгаланбаатарын санаачилсан хуульд багтсантай ижилхэн. Нэг эр наадмын гурван төрлөөр тэмцээнд оролцоно. Нийт 670 гаруй сая төгрөгөөр зохион байгуулагдах тэмцээний шагналын сан нь 290 орчим сая төгрөг юм. Уг нь жуулчдыг татах, үндэсний бахархлаа сэргээх тал дээр дэм болохоор харагдаж байгаа ч зохион байгуулалтгүй ажилласан Засгийн газраасаа болж шатахуун нь тасалдаж ирсэн жуулчид нь энд тэнд гацах дээрээ тулчхаад байгаа энэ үед харин яадаг юм бол. Timing нь таарахгүй л байна даа.  

Н.Учралын хоригт У.Хүрэлсүх хамаарах уу?

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хурлаар төрийн бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг өгч тэмцээн, баяр, хурлыг хориглов. Улс орны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед илүү зардалд мөнгө гаргахгүйгээр тэвчиж өвлийн бэлтгэл ажлаа хангах үүрэг өгсөн юм. Санаачилга нь зөв юм аа. Төрийн бүх шатанд гэхлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах гэж байгаа “Монголын уламжлалт тэмцээн” ч гэсэн орно гэсэн үг. Энэ тэмцээний Ерөнхий зохион байгуулалтыг Үндэсний спортын хороо хариуцаж байгаа юм. Бүр сонирхолтой нь Засгийн газар өөрсдөө ч энэ тэмцээний удирдлагын багт багтаж байгаа. Ерөнхий малгай нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гэж байгаа болохоор Н.Учралын хоригт улс төрийн эцгийнх нь нэрэмжит тэмцээн орох уу гэдэг нэг асуудал гарч ирэх нь ээ. Мэдээж Ерөнхийлөгчийн ивээл дор учраас төсөв нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарах нь тодорхой. Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарлаа гээд Монгол Улсын төсөвт хамаарахгүй гэсэн үг биш. Тусдаа нэг улс болчхоогүй л бол шүү дээ.

Төрийн ордонд “Монголын уламжлалт тэмцээн”-ийг зохион байгуулах талаар хуралдаж байна

Яг одоо Төрийн ордонд “Монголын уламжлалт тэмцээн”-ий зохион байгуулалтын талаар ажлын хэсэг хуралдаж байна. Хоржоонтой байгаа биз. Ордны нөгөө жигүүрт нь Засгийн газар нь хуралдаад тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргаж байх үед нөгөө жигүүрт нь Засгийн газрын шийдвэрээ эсэргүүцэн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах гээд хуралдаж байдаг. Гэтэл өчигдөрхөн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж тэгш, сондгой хамаагүй шатахуун олгосон түгээгчийг сошиал даяар төр, засгаас гаргасан шийдвэрийг дагаж иргэний үүргээ биелүүлсэнгүй хэмээн шүүмжилсэн. Яг тулсан үед өөрсдөө өөрсдийнхөө гаргасан шийдвэр байтугай Үндсэн хуульдаа заасан заалтуудаа хүртэл тоодоггүй новшийн төр, засагтай гэдгээ бид анзаарахгүй л явна.

Дайн өчигдөрхөн болсон юм шиг шатахууны зохицуулалтаа хийж чадаагүй сайд нь хэвлэл цуглуулж байгаад олон хоног хөдөө явж зугаалсан учраас шатахууны нөөц ёроолдоо хүрсэн хэмээн иргэдээ буруутгаад суудаг. Өөрийнхөө бурууг иргэддээ үүрүүлж тэгш, сондгойгоор нь ялгах шийдвэр гаргадаг. Улсын төсөв нь хэдэн их наядаар тасарч, төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа долгионтохгүйгээр өсдөг. Цахилгаан нь тасардаг, ус нь тасардаг. Харин олсон хэдэн төгрөгөө өлөн амьдралдаа арай хийж хүргээд үлдсэнийг нь татвар нэрээр улсдаа тушаадаг иргэдэд эргээд ямар ч хариу байхгүй. Хаана, бооно, хасна, нэмнэ. Бид яг ямар улсад ямар хүмүүсээр удирдуулаад яаж амьдраад байгаа юм бэ. Шударга байх жинлүүр харьцаагаа алдаад ард түмэнд арай л бага жин ирээд байгаа юм биш үү дээ. Тэгш, сондгойгоор иргэдээ ялгаж үздэг болсон шиг ээ таны шийдвэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч ялгахгүй гэдэгт итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Яана даа, сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг яаж дээшлүүлэх вэ, нээрээ. Ивээл дор гэхээр л ивээсэн талаас нь мөнгө цацчихдаг гэж ойлгочихож. Лавлах, нягтлах гээд сэтгүүлчийн наад захын дадал ч суугаагүй.

Чинбатын Батсайхан

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe