Монголд дарангуйлал бүрэн тогтжээ
Дээрх түлхүүр үгээр хайж үзвэл хамгийн сүүлд 10-хан хоногийн өмнө болсон явдлыг олж болно.
Үүнтэй адил явдал 2023 онд болж, шүүхээр шийдвэрлүүлж байв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг ногоон хананы ард байрлуулж, мийм\meme хийсэн иргэн О.Б-г тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэнд тооцон 450 мянган төгрөгөөр торгосон.
Чухам бид ардчилсан улсын хувьд түүхэнд хараар тэмдэглэгдэх шийдвэр болж үлдсэн нь энэ. Учир нь Эрүүгийн хуульд байсан тухайн гэмт хэргийг “ерөнхий ойлголтын дор хоёрдмол утгатай, гэмт хэргийн хүрээг хэт өргөн тайлбарлах боломж олгосон, ямар хүрээг хамрах нь тодорхойгүй, яаж ч тайлбарлагдах боломжтой” зэрэг үндэслэлээр 2025 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон юм.
Эхэнд дурдсан иргэний асуудал Эрүүгийн хуулиар шийтгэгдэх эрсдэл байхгүй ч манай улсын Ерөнхийлөгчийн “байцыг” бүрэн илтгэнэ.
Энд бид ардчилсан нийгмийн суурь зарчмыг санах хэрэгтэй. ХБНГУ-ын Холбооны үндсэн хуулийн шүүх үүнийг 1958 онд “...олон нийтийн чухал асуудлаар бусдыг ятгах, уриалах, шүүмжлэх нь Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн цөм хэсэг мөн. Улс төрийн болон нийгмийн шүүмжлэл өрнүүлж буй уриалгыг хууль бус гэж үзэж болохгүй” хэмээн дүгнэсэн байдаг.
Дарангуйлал бол халдвар
Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь ийн өөрийн нийгмийн суурь үнэт зүйлээсээ эсрэгцсэн “байцтай” байгаа нь манай улсын төр, иргэний нэгж талбар бүрт нэвчжээ.
Сүүлийн гурван жил дарангуйлалтай тулж, тэмцэж яваа Ч.Ханддуламын жишээгээр тайлбарлая. Түүний Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг хариуцагчаар татсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш товлогдсон. Тэгвэл энэ бүхэн дараах өрнөлтэй.
2024.02.08
Б.Эрдэнэтулга Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтэх нарийн бичгийн даргаар томилогдов.
2024 оны 3-5 сарын хооронд
Б.Эрдэнэтулга, Ч.Ханддулам болон албаны бусад хүмүүс Турк улсад албан томилолтоор ажиллах тов гарав.
Энэ хугацаанд Б.Эрдэнэтулга Ч.Ханддуламтай таарах бүртээ "Турк явахаа мэдэж байгаа биз дээ, ойр яваарай" зэргээр сануулдаг болов.
Мөн шөнийн 01:00 цагт вайбер сүлжээгээр "bnu" гэж бичсэн нь бий.
Ч.Ханддулам Б.Эрдэнэтулгад "Шөнө орой бичээд уулзаж, таарах бүртээ энийг хэлээд байгаа чинь ажлын байрны бэлгийн дарамт шиг санагдаад байна. Буруу зөрүү ойлголцолд хүрмээргүй байна" гэж хэлсэн.
Үүнээс хойш “Их зантай хүүхэн, өөрийгөө юу гээд бодчихсон юм, Чам шиг юмыг би шахаж зайлуулна” гэж олны дунд загнаж, чичилснээс болоод байгууллагаараа Ч.Ханддуламаас дөлдөг болов.
2024 оны 10 сард
Байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, Хэргийн хөдөлгөөний хэлтсийг Хэргийн хөдөлгөөний газар болгов.
2024.12.11
Хэргийн хөдөлгөөний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ханддуламыг Хэргийн хөдөлгөөний газрын референт болгон нэг шатлал бууруулсан Б.Эрдэнэтулгын захирамж гарав. Өөр нэг хэлтсийн даргыг мөн адил тушаал бууруулсан.
2024 оны Шинэ жилийн баярын арга хэмжээ
Б.Эрдэнэтулга Ч.Ханддуламыг тэврээд, “Чи намайг хөгшин болохоор голоод байна уу”, “Надтай сөргөлдвөл эвгүй гэдгийг мэдэрсэн биз дээ” хэмээн хэлж байхыг харсан гэрчүүд бий.
2025.02 сар
Төрийн албаны зөвлөлд тушаал бууруулсан асуудлаар гомдол гаргасан ч шийдэж өгөөгүй.
2025.03 сар
Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд тушаал бууруулсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
2025.06.02
Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан болон ажиллаж байгаа 3 хүн ХЭҮК, УИХ болон ТАЗ-д хандаж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь ажлын байрны дарамт, хүчирхийллийн шинжтэй үйлдэл болон бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл үзүүлсэн хэмээн гомдол гаргасан.
2025.10 сар
Ч.Ханддулам Нийт шүүгчийн III чуулганаар илтгэл танилцуулахын өмнөх өдөр ажлаас халагдах болсон тухайгаа сонсож, чуулганы дууссаны дараа халагдсан тушаал хүлээж авав.
2025.11.27
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 6-7 шаардлагыг бүхэлд нь хангахгүй гэж шийдсэн. Шийдвэр гаргасан шүүгчийг Сахилгын хороонд өгч, зөрчил гаргасныг нь тогтоолгосон.
2026.04.01
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагад дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаагүй гэж үзэж, анхан шатны шүүхэд буцаасан.
2026.04.08
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөдөлмөрийн харилцаа хэвийн бус байна. ГНБД-ын зүгээс удирдах арга барил хангалтгүй, ажлын албаны ажилтнуудад дарамт, хүчирхийллийн шинжтэй үйлдэл үзүүлж байна” гэсэн дүгнэлт гарсан талаар танилцуулав.
Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хоёр шаардлага хүргүүлсэн байжээ.
1. ГНБД-ын асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хариуцлага тооцох.
2. Ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл бус харилцаатай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол шийдвэрлэх механизм ажиллуулах.
2026 оны 5 сард
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дотоод эх сурвалж ажлын байрны харилцаа, нөхцөл хэвийн бус, Б.Эрдэнэтулгын ааш авир ямар байгаагаас шалтгаалж тухайн өдрийн ажил явдаг. Өөрийг нь тойрон хүрээлсэн, хоол унд зөөж өгдөг хүмүүстээ сайн ханддаг. Зарим ажилтныг ялгаварлан гадуурхдаг, зарим албан хаагчийг зодсон. Мөн шүүхийн ажилтнуудад олгох орон сууцыг шударга бусаар, нэгжийн хурлаар хэлэлцээгүй байхад хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдэн олгосон зэрэг асуудал байгаа талаар манай редакцид нэрээ нууцлан ирүүлэв.
Үүнээс харахад ХЭҮК-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шаардлага ямар ч үр дүнгүй байна.
2026.06.09
Дээд шүүхэд хандсан Ч.Ханддуламын хэргийг хүлээн авч, анхан шатны шүүхээр биш давж заалдах шатны шүүх хэлэлцэх боломжтой хэмээн шийдсэн.
Ийнхүү төрийн аппаратын нэг нэгж хэрхэн дарангуйлал, дарамт дунд, даргын байцад үйлчилсэн маягтай байгааг харж болж байна. Энэ хэсгийн гарчигт халдвар хэмээн оруулсан учир нь Б.Эрдэнэтулга бол эхэнд дурдсан иргэн О.Б-г 450 мянган төгрөгөөр торгуульсан хэрэгт Ерөнхийлөгчийг төлөөлөн хохирогчоор оролцон гомдол гаргаж явсан албан тушаалтан.
Тэр ийнхүү дарангуйллын вирус болон ардчиллын үнэт зүйлд халдсан “гавьяагаа” Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референтээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон дэвшиж шагнуулсан юм.
Харин вирус хэрхэн ажилладгийг бид мэднэ.
Ерөнхийлөгч “томилсон” тул тэвчихээс өөр аргагүй
Ирландын “Song for a Raggy Boy” гэх түүхэн баримтаас сэдэвлэсэн уран сайхны кинонд шашны чанга дэглэмтэй сургуулийн сурагчдыг хэрцгийгээр шийтгэж, бэлгийн болон бие махбодын дарамт үзүүлдэг багш Жон гэх эсрэг дүрийг эсэргүүцэхийг хүсдэг Уилям багшийн талаар гардаг.
Уилям сургуулийн захиралтай Жон багшийн талаар ярихад “Хамба лам томилсон бол яах ч аргагүй” гэсэн хариу авна.
Б.Эрдэнэтулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас очсон тул Ерөнхийлөгчийн хүн гэдгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн толгой болсон 10 гишүүн яаж ч чадаагүй нь дээр дурдсан баримтуудаас харагдана.
Тийм ч учраас “Song for a Raggy Boy” кинонд гардагтай адил Ерөнхийлөгч шууд биш ч “томилсон” тул тэвчихээс өөр аргагүй гэсэн дарангуйллын метафорыг дийлж чадах хүчин манай улсад байгаа эсэх нь эргэлзээтэй.
Маргааш болох шүүх хурал хэрхэн шийдэгдэхээс үл хамааран Ерөнхийлөгч өөрөө энэ хүнээ “авчихвал” Монголд дарангуйлал арай ч тогтчихоогүй байна гэдэгт итгэх сэн.
Сэтгэгдэл үлдээх
Онигоотой юмаа. Иргэд ийм гаж амьтнаар шүүхийн төлөөлж бодно.Эсвэл шүүхийхэн өөрсдөө ийм гажиг юмнуудаар дүүрэн газар юм уу? Хөгшин болохоор голоод байгаа юм уу ч гэх шиг хаха.
Шүүхийн скандал юм уу
Дэмжих үү?
2 0Ямар ч логиклэс дараалал, утга зүй алга. Ийм ч юм бичих гэж. Чухал сэдэвч бичих гэж гутамшиг хийжээ. сэдэвчилсэн хэнч
Харамсалтай
Дэмжих үү?
1 3