ЗГ-аа Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэв

.Graph
2026-08-06

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ. 

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүсжээ. 

Одоогийн байдлаар шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирчээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд тухай бүрд нь мэдээлэл өгч ажиллах аж. 

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор, 

-Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах 

-Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох 

-Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх 

-Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох 

-Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах 

-Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгожээ. 

ОАТ-ыг   тэглэснээр улсын төсвийн орлогод нөлөөлөх, эсэх, цаашлаад үнэ буурах, эсэх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв:  “Татвар тэглэснээр ААН-үүдэд ашиг болж очихгүй. Улсын төсвийн орлогод их хэмжээгээр нөлөөлөх зүйл ч байхгүй. Засгийн газраас  А95 авто бензиний онцгой албан татварыг тэглэсэн. Энэ шийдвэрийн хүрээнд 500 сая орчим төгрөгийн л зөрүү үүсэж байгаа. Шатахуун 80-210 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн тул татварыг нь тэглэх байдлаар үнийг нь нэмэхгүй байх бодлогын хувилбар гаргасан гэсэн үг

Украйн ОХУ-ын дайны улмаас манай улсын гол шатахуун нийлүүлэгч ОХУ-ын шатахууны үйлдвэрлэл 30 хувиар буурсан талаар ОУ-ын хэвлэл мэдээлж байна. Ийнхүү ОАТ-ыг тэглэсэн ч хомсдол арилах хэмжээнд татан авалт хийгдэх эсэх нь тодорхойгүй байна. БНСУ-аас импортлох шатахууэныг 8 сарын дундуур татан авна гэж мэдээллийг салбар яамнаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe