Ардчилсан намаас шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, өнөөгийн нөхцөл байдлыг төрийн бодлогын алдаатай холбон тайлбарлалаа.
АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан шатахууны хомсдол нь нийлүүлэлтийн бус, төрийн буруу бодлогын үр дагавар гэж мэдэгдэв. Тэрээр Монгол Улс импортын шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авч байгаа нь эрсдэл үүсгэж байгааг онцолж, БНХАУ, БНСУ, Япон зэрэг өөр эх үүсвэрүүдээс шатахуун нийлүүлэх бодлогыг сэргээх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ч бүрэн ашиглалтад ороогүй, шатахууны хараат байдлыг бууруулах бодлогын шинэчлэл хийгдээгүй хэмээн эрх баригчдыг шүүмжилсэн юм.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Г.Лхагвадорж эрх баригч намыг шатахууны хараат байдлыг бууруулах бодлогын шинэчлэл хийгээгүй хэмээн шүүмжилсэн юм. Тэрээр 2015 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлээр шийдвэрлэсэн ч 10 жилийн дараа төсөл бүрэн хэрэгжээгүй хэвээр байгааг дурдав. Мөн 2014 оноос хойших геополитикийн өөрчлөлт, 2022 онд эхэлсэн Орос–Украины дайны дараа ч шатахууны хангамжийг төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлээгүй гэж мэдэгдлээ.
Г.Лхагвадорж цааш нь нүүрсний хулгай, Туулын хурдны зам, Богд уулын туннелийн төсөл зэрэг төсвийн томоохон хөрөнгө оруулалтыг шүүмжилж, шатахууны асуудлыг улс төржүүлэх бус бодлогын алдааг олон нийтэд анхааруулж байгаа хэрэг хэмээн онцолсон юм.
Тэрээр мөн 2012–2016 онд шатахууны нийлүүлэлтийн шинэ сувгуудыг бий болгох ажил эхлүүлж байсан ч өнөөдөр импортын 97 хувь нь нэг улсаас хамааралтай хэвээр байгаа нь дэд бүтэц, төмөр замын бодлогын шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх