Азийн клубүүдын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд манай улсаас энэ жилийн Дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон дэд байрын эзэд Бишрэлт Металл багууд оролцож байна. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр буюу лхагва гарагт UG Арена спорт ордонд боллоо.
Хасын Хүлэгүүд баг Сингапурын энэ жилийн аварга Адройттой учраа таарсан юм. Тоглолтын үндсэн цагт 98-74 харьцаатайгаар Хасын Хүлэгүүд баг ялалт байгуулсан бөгөөд Б. Билгүүн, Дивайн Майлс нар тус бүр 16 оноо авч багаа тэргүүлсэн. Мөн тус тоглолтод Т.Санчир Хасын Хүлэгүүд багийн өмсгөлтэй талбай дээр гарч цөөн минутыг өнгөрүүлсэн хэдий ч найман оноо авсан юм.
Харин Бишрэлт Металл болон Индонезийн Правира Харум багуудын тоглолт эхний хагаст өрсөлдөөнтэй болж, онооны зөрүү нь тун ойрхон байв. Бүрэлдэхүүндээ нэлээд өөрчлөлт оруулсан Бишрэлт Металл багийнхан талбай дээр ойлголцол тааруу байв. Тоглолтын сүүлийн үе эхлэхэд 15 онооны зөрүү үүссэн бөгөөд оноог ойртуулж амжихгүй явсаар цаг дуусахад 83:66 харьцаатайгаар Правира Харум баг ялалт байгуулсан юм. Бишрэлт Металл багаас Жентал Силла 23 оноотойгоор багаа тэргүүлж, Т.Ууганбаяр 14 оноотойгоор тоглолтыг өндөрлүүлсэн.
A хэсэгт багтсан Бишрэлт Металл баг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд 17.30 цагаас Малайз улсын NS Matrix Deers Matrix багтай толох бол B хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд багийн хувьд 20.00 цагаас Индонезийн Pelita Jaya Basketball багтай өнөөдрийн хаалтын тогллолтыг хийнэ.
Сэтгэгдэл үлдээх