Орос улс Украинд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгох нэг удаагийн нөхөн төлбөрөө сүүлийн жилүүдэд эрс нэмэгдүүлсэн. Оросын Украинд амиа алдсан цэргийн ар гэрт олгодог нийт нөхөн олговор ихэвчлэн 14.5 сая рубль буюу180-200 мянган ам.доллар ба түүнээс дээш байдаг. Энэ дүн нь хэд хэдэн эх үүсвэрээс (холбооны нэг удаагийн тэтгэмж, даатгал, бүс нутгийн нэмэлт олговор, зарим тохиолдолд цэргийн байгууллагын нэмэлт төлбөр) бүрддэг бөгөөд цэргийн албан тушаал, нас барсан нөхцөл, харьяалах бүсээс хамааран хэлбэлздэг аж.
Энэ шийдвэртэй холбоотой ОХУ-д зарим эмэгтэйчүүд цэргүүдтэй богино хугацаанд гэрлэж, тэд амиа алдсаны дараа нөхөн төлбөр авах зорилготой байсан гэх хардлага нийгэмд хүчтэй өрнөх болжээ.
Энэ тухай Оросын олон нийтийн сүлжээ болон хэвлэлүүд ийм эмэгтэйчүүдийг "Хар бэлэвсэн" (Black Widows) хэмээн нэрлэх болсон байна. Зарим тохиолдолд цэрэг фронт руу явахаасаа хэдхэн хоногийн өмнө гэрлэж, удалгүй амь үрэгдсэнээр эхнэр нь төрөөс олгох их хэмжээний нөхөн төлбөрийг авах эрхтэй болсон гэх мэдээллүүд гарчээ.

The Wall Street Journal: "Russia's New War Grifters — 'Black Widows' Duping Soldiers Into Marriage" сурвалжилгад ярилцлага өгсөн зарим ар гэрийнхэн "танихгүй шахам хүнтэй гэрлэсэн", "жинхэнэ гэр бүлийнхэн нь нөхөн төлбөрөөс хоцорч байна" гэж гомдол мэдүүлсэн байна. Харин ийм гэрлэлтүүд бүгд хуурамч байсан нь нотлогдоогүй бөгөөд олон хэрэг зөвхөн хардлага, маргааны түвшинд байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дайнд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгох өндөр хэмжээний мөнгөн тэтгэмж нь зарим хүнийг санхүүгийн ашиг хонжоо хайх сэдэлтэй болгож, улмаар гэрлэлтийн талаарх маргаан нэмэгдэхэд хүргэж болзошгүй нь. Харин
CNN-ийн мэдээлснээр Оросын тал Украинд дайтаж эхэлснээс хойш цэргийн хохирол ихэссэн бөгөөд барууны зарим тооцоогоор Оросын арми нийтдээ нэг сая гаруй хүн амиа алдсан байж болзошгүй гэж дурдсан. Энэ тоо нь барууны тагнуул, судалгааны байгууллагуудын үнэлгээ бөгөөд Оросын Засгийн газар ийм тоог албан ёсоор батлаагүй байна. Харин НҮБ-аас 16 мянган энгийн иргэн энэхүү дайны улмаас амиа алдсан хэмээн мэдээллээд байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх