Шүүх: Ч.Ханддуламыг халсан Б.Эрдэнэтулгын шийдвэр хууль бус

Ц.Чимэдцэеэ
2026-08-07

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг хариуцагчаар татсан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.

Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ч.Ханддуламын нэхэмжлэд дурдсан "АА4 зэрэглэлээс АА5 зэрэглэл рүү албан тушаал бууруулсан" захиргааны акт нь эрхэлсэн түшмэлийн ангилал дотор байгаа гэсэн үндэслэлээр хэвээр үлдээсэн.

Харин ажлаас халсан Б/143 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоон ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, буцаан томилохоор шийдэв.

Дээрх хэрэг нь ажлын байрны таарамжгүй харилцаа, дарамтаас үүдэлтэй болох нь Ч.Ханддулам нарын гурван хүний гаргасан гомдлын дагуу ХЭҮК-оос “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөдөлмөрийн харилцаа хэвийн бус байна. ГНБД-ын зүгээс удирдах арга барил хангалтгүй, ажлын албаны ажилтнуудад дарамт, хүчирхийллийн шинжтэй үйлдэл үзүүлж байна” гэсэн дүгнэлт гарснаас харагддаг.

Цаашлаад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэд хэдэн үйлдлийг нэхэмжлэгч Ч.Ханддулам удаа дараа мэдээлээд байгаа билээ.

Шүүхийн шийдвэрийн тухай Ч.Ханддулам “Өөр албан хаагчийн тушаал бууруулсан Б.Эрдэнэтулгын шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль бус хэмээн үзсэн шийдвэр байгаа. Миний асуудал үүнтэй адилхан ч давж заалдах шатны шүүх өөр шийдвэр гаргасан тул хууль хэрэглээний нэгдмэл байдал алдагдаж байна хэмээн үзэж, Дээд шүүхэд хандана” гэв.

Хэргийн талаар манай редакцын бэлтгэсэн өмнөх мэдээллийг энд дарж, хүлээн авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe