Зуны ид халуун наймдугаар сард тохиож ажил, сургууль эхлэх болсон гэдгийг бидэнд санууллаа. Эцэг, эхчүүддээ хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг дүнжингарав, нарантуул захуудаас бэлддэг бол 8-р сарын 17-оос өмнө бэлдэхгүй бол КОП-17 олон улсын хуралтай холбогдуулан тэр хавийн замыг хаахаар болсон шүү гэдгийг мөн сануулъя. Сошиалд улс төрчдийн пи ар эхлээд л, хэл амтай сэдвүүд задраад ирэхээр ямар нэгэн хөдөлгөөн орох нь ээ гэж бид таамагладаг. Өвдөгний нүдээр хатгахаар тэнгэр муудах нь гэдэг шиг л. Наадам дуусаад л араас нь улс төрийн зорилготой, зорилгогүй янз бүрийн хор цацагдаж тайван суулгасангүй ээ. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгааг ч хэлэх үү үзээд алдчих санаатай хүмүүс өөрсдийгөө мундаг харагдуулах гээд үг хэлэхдээ улавч өмсөж байгаа зургаа хүртэл сошиалаар тараалгаад л чухам. Нөгөө талд тойргийн гадна гарсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар нийлж байгаад сүртэй том жагсаал хийнэ гэсэн юм яриад л. Тэр хооронд бид сошиалд хаяж өгсөн сэдэв дээр нь нохой шиг хоорондоо ярдаглаж, хуцалцаад л. Энэ үзэгдлүүд нэгэнтээ болж байдаг ч энэ жил цагаасаа арай л эрт эхлээд байна уу даа гэж бодогдов.
Л.Оюун-Эрдэнийг унах үед найзынхаа ятгалгад орохын хажуугаар эрх мэдлийн төлөө зүтгэж ахынхаа өмнөөс нэг сөрөөд үзсэн Д.Амарбаясгалан номдоо орж Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын хоорондох улс төрөөс гарсан. Оронд нь У.Хүрэлсүх шинэ Засгийн газарт Хууль зүй, дотоод хэрэг болон Цахим хөгжил, харилцаа холбоо гэсэн хоёр яамыг тэдний талд өгч хэсэг амыг нь тагласан. Хууль зүй, дотоод хэргийн яамаа авчихсан Д.Амарбаясгалан болон түүний гэгддэг хүмүүсийн хэрэг одоо царцсан байдалтай байгаа. Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй зөвхөн эрх ашиг л бий гэдэг нь энэ юм. Харин өөрийн эрх ашиггүй үлдсэн Л.Оюун-Эрдэнэ жагсаал, цуглаан хийх гэж байгаа нь Н.Учралын Засгийн газарт тээг болох. Энэ тэмцэл нь амьд үлдэхийн төлөөх тэмцэл үү эсвэл илүү зүйл хүсэх гэж байна уу гэдэг нь явцдаа ил болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол Л.Оюун-Эрдэнийн талынхныг үсгүй арч гэж тушаал буулгасан тухай явган яриа байдаг. Тэгээд л өмнөх одоогийн гэх мэтчилэн хэргүүдийг нь тохож цагдаагийн үүд сахиулсаар байгаа. Х.Булгантуяа бүр дахиж ийм алдаа гаргахгүй гээд зарим нэг хүний өрөөнд цурхиртал уйлаад уучлалт гуйсан ч сураг байсан. Л.Оюун-Эрдэнэ бол үнэнд гүйцэгдэхгүй өнөөг хүртэл гэдийсээр л яваа. Ганц тамга гартаа атгачхаад малийгаад байж ч мэдэх юм. Угаас У.Хүрэлсүхийн шууд нүүр рүү цохиод авч чадахгүйгээс хойш дээлийн хормойноос нь мэрж эхэлнэ. Тэгээд сэгсэрч чадахгүй бол аажим аажмаар дээшилсээр хүзүүг нь боогоод эхлэх биз. Гэхдээ тэр хүртэл юу л болох бол доо. Михайлд нэг бодол бий гэдэг шиг ах нэг юм бодож байгаа байлгүй.
Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбоотой байж мэдэх юм...
Л.Оюун-Эрдэнийн хийх улс төр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбоотой байж мэдэх юм. Тэдний зүгээс С.Амарсайханыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх санаатай байгаа гэх яриа аль хэдий нь газар авсан. Үүнийг нь нотолж байгаа мэт л С.Амарсайханыг тойрсон янз янзын сенсаци гарч олны анхааралд түүнийг оруулаад байгаа. Харин У.Хүрэлсүх өөрийнхөө орыг залгах хүн нь нөгөө талын хүн байгаасай гэж хүсэхгүй нь лавтай. Уг нь Г.Занданшатарыг их дэмжиж байсан ч мань хүн өөрийнхөө хэлдгээр улс төрийн хайчинд орж хоёрдугаар эгнээ рүү түр шилжсэн. Шатар тоглож, наадам хэсэж яваа л харагдана лээ. Гэхдээ одоохондоо тойрогт багтсан хэвээр л. Энэ сиймхийг мэдэрсэн хүмүүс эхнээсээ би байж болох юм биш үү гэсэн хандлагыг гаргаад эхэлсэн. УИХ-ын дарга С.Бямбацогт өглөө орноосоо энгийн иргэн шиг бослоо гэх нь холгүй л өөрийгөө сурталчилж жүжиг тавьж гарлаа. Ерөнхий дүр нь байж болох ч түүнийг улс төрд маш зальтай аль ч талыг алддаггүй гэж ярилцдаг. Ер нь амьдрах чадвар сайтай гэх юм уу даа. Аль нэг талыг тууштай барьж чаддаггүй иймэрхүү хүмүүс дундаас дээш гарсан тохиолдол байхгүй. Тийм болохоор хэрвээ тэр хүсэж байгаа бол түүний хүсэл талаар болох байх аа.
2027 онд МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг Д.Амарбаясгалан ахална гэх яриа ордонд гарсан. Угийн сонгуулийн найруулга сайтай учраас түүнд энэ эрхийг өгсөн нь гарцаагүй. Дахин өөрийгөө нотлон харуулах бас нэгэн боломж нь. Хаанаас хэн нь ч нэр дэвшсэн хоёр талд хөлөө тавьсан түүнд алдах юм байхгүй. Ашигтай л гарна гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ жагсаал хийж арай хийн тогтож байгаа Н.Учралын Засгийн газрыг савлуулах. Үүнийхээ үр дүнд өөрийн хүссэнээсээ атгаж барьцаа улам чангалах ажлаа эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд түүний дагалдагчид дуу орж улам хүч нэмээд сэрж байгаа мэдрэмжийг бидэнд өгнө. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд гараа дүрж нэр дэвшигчийг булаацалдаж магадгүй. Энэ үеэр хотоо Б.Пүрэвдагва гэх намын залууд алдсан Х.Нямбаатар 2028 оны сонгуульдаа бэлдэхийн зэрэгцээ энэ улс төрд хошуу, хуруугаа зэрэг нэмнэ. Х.Нямбаатар Нийслэлийн намын хороог хуралдуулахгүй унжаад байгаа нь ч үүнтэй холбоотой. Ер нь бидний таньдаг технологи тэр чигтээ тоглогдох байх. Нөгөө тал хараад суухгүй нь тодорхой. Ямар нэгэн зүйл бэлдчихээд сууж байгаа. Ингээд улс төрийн хүрээн дэх нөгөө тэмцэл намар, өвөл, хавар гэсэн гурван улирал дамнан үргэлжилж байтал Ерөнхийлөгчийн сонгууль залгаж хариулт тэнд гарч ирэх болно. Хэнийх нь тал давуу байдалтай болох вэ гэдэг нь. Байдал илүү хурцадвал хэн нэгэн нь 461-р ангийг ч зорьж магадгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль гээд эрх мэдлийн төлөө самуурсан улс төрчдийн намар эхлээд хавар дуусах урт жүжиг биднийг хүлээж байна даа.
Сэтгэгдэл үлдээх
Самараа л биш шүү
Раднаа
Дэмжих үү?
0 0Оюукаг дэмжийш дээ.
Дэлгэр
Дэмжих үү?
1 0