Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2026 оны наймдугаар сарын 14-нд эхэлнэ

Ц.Чимэдцэеэ
2026-08-07

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс 2026 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2026 оны аравдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон.

Шалгалтын товыг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаар хуульд заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өгнө.

Хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой бөгөөд тус шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй байдаг.

Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодох бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулагддаг билээ.

Шалгалтын бүртгэл https://burtgel.mglbar.mn/ хаягаар явагдах бөгөөд 2026 оны наймдугаар сарын 14-ний /БААСАН ГАРАГ/-т эхэлж, 2026 оны есдүгээр сарын 27-ны өдрийн /НЯМ ГАРАГ/-ийн 23:59 минутад дуусна. Бүртгэл нийт 45 хоногийн хугацаанд явагдана. 

Сонирхуулахад, 2023 онд 1200 иргэн шалгалтад оролцсоноос 203 нь, 2024 онд 1146 хүн шалгалт өгснөөс 205 нь, 2025 онд 1211 иргэн шалгалтад оролцсоноос 100 хүн тэнцэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.

Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe