Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк болон арилжааны банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах (ГТБА) шинээр барих, өргөтгөх төслүүдэд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Өнөөгийн байдлаар 19 аж ахуйн нэгжийн 23 агуулахын төсөлд хариуцлагын гэрээ байгуулан, нийт 312.96 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 255,725 м³ багтаамжтай агуулахуудыг барьж, өргөтгөж байна.
Шинээр барих төсөл: 7 агуулах (Нийт 137,600 м³ багтаамжтай, 194.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай)
Өргөтгөх төсөл: 16 агуулах (Нийт 118,125 м³ багтаамжтай, 118.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай)
Төслүүдийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 184,525 м³ багтаамж бүхий 13 агуулах хэрэгжиж байгаа бол орон нутагт тухайлбал Өмнөговь аймагт 4, Дархан-Уулд 2, Баян-Өлгийд 2, Ховд болон Орхон аймагт тус бүр 1 агуулахын төсөл амжилттай үргэлжилж байна.
Төслүүдээс хамгийн том хэмжээтэйг "Шунхлай" ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд нийт 98,000 м³ багтаамжтай, тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай 7 ширхэг босоо ган сав бүхий иж бүрэн агуулах барьж байна. Төслийн барилга угсралт 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2028 оны эхээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн "Сан Петролиум" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000 м³ багтаамжтай агуулахын барилга угсралтын ажлаа 85–90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байгаа ба энэ оны 12 сард ашиглалтад оруулах аж.
Барилга угсралтын ажлын явц 85 хувьд хүрчээ.
Сэтгэгдэл үлдээх