Засгийн газарт шударга ёсыг уландаа гишгэсэн хүмүүс нэгэнт суух болсон нь нийгэмд яг л тийм үлгэрийг үзүүлж байна. Гэвч Н.Учрал үүнтэйгээ эвлэрч, ард иргэдээ хүн чинээ тоодоггүй сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин.
Хэвлэл мэдээллийн салбарт Mongol HD телевизийн байр байдлын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон жил яригдсан. Тус телевизийг Гацууртын төмсөөр цалингаа тавьдаг, цалингаа цагтаа өгдөггүй, ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөггүй зэрэг цуу яриа хааяа нэг гардаг байлаа. Тэгвэл саяхнаас олон нийтийн сүлжээнд Mongol HD телевизэд өмнө нь ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүмүүс шүгэл үлээж эхэлжээ. Тэдний хэлж буйгаар Mongol HD телевиз ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүйгээс болж жирэмсний амралтын мөнгөө авч чадаагүй, зээл авч чадаагүй, гадаад явах визэнд ч орж чаддаггүйгээс гадна зах зээлийн ханшаас маш багаар цалинжуулж байжээ. Мөн цалингаа 17 хоногоор хоцроосон, НДШ-ийг нь 3 жил 3 сар төлөөгүй ч гэх мэдээлэл байгаа юм.
Mongol HD телевиз Ч.Номин сайдтай хэрхэн холбогдов
Mongol HD телевизийг эзэмшдэг Монголтелевиз ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй. Нэг нь Ч.Номин сайдын аав Л.Чинбат. Нөгөө нь Тэнгэр телевизийг эзэмшдэг Тэнгэрлиг медиа групп юм. Мөн тус телевизийн гүйцэтгэх захирлаар Ч.Номин сайдын нөхөр Г.Бат-Эрдэнэ ажилладаг билээ. Ийм хамаарлаар Mongol HD телевизийг Ч.Номин сайдынх гэхэд буруудахгүй.
Mongol HD телевизийн санхүүгийн чадамж хэр вэ
Mongol HD телевиз нь өргөн нэвтрүүлгийн телевиз. Тиймээс тус телевиз таны халааснаас ч гэсэн мөнгө авдаг. Учир нь, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу өрх бүр сард 2500-3500 төгрөгийг хураамж хэлбэрээр төлдөг. Хэрвээ та сайн санахгүй байвал “Univision”, “Skymedia”, “DDish” зэрэг кабелийн сувгийн төлбөрөө төлөхдөө нарийвчлан харж болно. Энэхүү хураамжийг манай улсын 768 мянган айл өрхийн 82 хувь нь төлдөг гэх мэдээлэл бий. Энэ хураамжийг 18 телевиз авдаг бөгөөд айл өрхөөс жилд 23 орчим тэрбум төгрөг цуглардаг. Үүнээс нэг телевиз ойролцоогоор жилд 1.3 тэрбум төгрөгийг авдаг гэсэн тооцоо бий. Үүнд, Mongol HD телевиз ч хамаарна.
Зүгээр л иргэдээс авч байгаа мөнгө нь 1.3 тэрбум төгрөг, дээрээс нь реклам, зар сурталчилгаа, гэрээт ажлууд гээд олон орлогын сувагтай нь ойлгомжтой.
Телевизийн эзэн Л.Чинбатын төрөөс авсан зээл, урамшуулал
Ч.Номингийн хөрөнгө орлогын мэдүүлэг
Энэ бүгдээс харвал Mongol HD телевизийг цалингаа тавьж чадахгүйд хүрч, дампуурчээ гэвэл хэн ч итгэхгүй. Тэд улсаас жилд хамгийн багадаа 1.3 тэрбум төгрөгийг авдгаас гадна Л.Чинбатын гэр бүл Монгол Улсын толгой баян гэр бүл. Нэг бизнесээ, тэр тусмаа улс төрийн хүрээнд хамгийн хэрэгтэй бизнесээ зүгээр нэг дампууруулахгүй нь мэдээж шүү дээ.
Тэд яг ямар хууль зөрчсөн бэ
Хөдөлмөрийн хууль зөрчигдөв.
Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигдөв.
Ажилчид болон ажил олгогчийн харилцаа
Олон нийтийн сүлжээнд хэн ч тэднийг хүчээр ажиллуулаагүй, тэд ажлаасаа гарч болох байсан гэж хаацайлж харагдана.
Үнэндээ ажил гэдэг бол хүний нийгмийн баталгаа байдаг. Ажил болон ажил олгогчийн харилцааг эхнэр нөхрийн харилцаатай зүйрлэж болох юм. Эхнэр нөхөр хоёр хоорондоо хэрэлдэвч шууд салдаггүй. Учир нь тэдэнд бүтээсэн үнэ цэн гэж бий. Тэр үнэ цэнээ амар алдахыг тэд хүсдэггүй. Хэрэв нөхөр нь юм уу, эхнэр нь хүчирхийлэл үйлдлээ гэвэл бас л шууд салаад явах нь ховор. Хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд нөхрөөсөө салахын тулд зарим нь 8 жил, зарим нь 10 жилийг ч зарцуулсан байдаг. Ажил олгогч, ажилтны харилцаа үүнтэй төстэй. Ажилчин ажлаасаа гармаар байвч түүний эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд, өнгөрсөн хугацаанд бүтээсэн үнэ цэнтэй зүйлсээ шууд орхиод явж чаддаггүй. Хүчирхийлэлд өртөг эмэгтэй нөхөр маань зодохоо болих байх гэж итгэдэгтэй адил нэг өдөр л миний цалинг өгнө, нэг өдөр л миний НДШ-ийг бүрэн төлж өгнө гэж найддаг, хүлээдэг. Тиймээс тэнд ажиллаж буй хүмүүсийг буруутгах биш, хууль ёсны зүйлийг хийхгүй байгаа эзэмшигчдийг буруутгах ёстой юм.
Бүр цаашилбал, 3 жил 3 сар НДШ төлөөгүй компанийг Нийгмийн даатгалын ерөнхий газар яагаад шалгадаггүй вэ, хариуцлага тооцдоггүй вэ асуулт ч гарна. Учир нь, нэг жил л төлөөгүй жижиг компанийг өнөө маргаашгүй төл гэж дарамталдаг байгууллага шүү дээ.
Энэ нийтлэлийг Ч.Номин баян болохоор, Л.Чинбатыг баян болохоор бичсэн юм биш. Баян ч бай, ядуу ч бай хууль, журам адил үйлчилдэг байгаасай гэсэндээ бичсэн хэрэг. Хамгийн гол нь олон ажилчдаа хохироож байгаа Ч.Номин УИХ-ын гишүүнээр сонгогддог, дээрээс нь бүр Засгийн газартаа урьж ажиллуулаад байдагт учир байна.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг. Танхимаа энэ мэт хүмүүсээсээ эхэлж цэвэрлэ, Ерөнхий сайд аа.
Сэтгэгдэл үлдээх