Н.Учрал: Ирэх намар хагас коксон түлшний тодорхой хувийг дотоодоосоо хангана

Ц.Чимэдцэеэ
2026-08-10

Нийслэлчүүд өнгөрсөн жилээс эхлэн утааны эсрэг шийдэл гэгдэх хагас коксон түлш хэрэглэж буй. Энэ өвөл мөн дээрх төсөл үргэлжлэхээр болсон. Харин нийлүүлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой өнгөрсөн жилийн “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” гэх хятад  компани дахин шалгарч болзошгүй талаар бид мэдээлээд байгаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас тодруулахад, сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэл өгсөн. Нийслэлээс зохион байгуулах тул тодорхой мэдээлэл байхгүй. Харин ирэх намраас эхлэн нүүрс-пиролизийн үйлдвэрээ ашиглалтад оруулаад, тодорхой хэмжээний түлшээ дотоодоосоо хангана хэмээлээ.

Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн энэхүү нүүрс пиролизийн үйлдвэрийг байгуулна. Энэ нь түүхий нүүрснээс хорт бодисыг нь салган авч цэвэршүүлэн хагас коксон түлш бий болгох юм. 

Жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг НИТХ-аар дэмжээд байна.

Санхүүжилтийг Нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор бүрдүүлнэ гэсэн албан ёсны мэдээлэлтэй байна.

Энэхүү төсөл ямар шат дараалалтай, хэрхэн хэрэгжихийг тухай бүр эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe