Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 87 км төмөр замтай боллоо

Ц.Чимэдцэеэ
2026-08-10

2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд нээлтээ хийж байсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн гуравдугаар зэрэглэлийн салбар төмөр замын эхний 87 км нь бэлэн болжээ.

Уг төмөр зам 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай, 840 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй.

Энэ зам Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэж буй маршрут. Одоо төмөр замын чанар, нягтрал, ашиглалтад бэлтгэхтэй холбоотой сүүлийн шатны ажлууд ид үргэлжилж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр ажлын явцтай танилцаж, талбайд ажиллажээ.

Бүтээн байгуулалтад оролцсон дийлэнх компаниуд үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа холбогдох санхүүжилтээ авч, төслийн дараагийн хэсгийн ажилд шилжин ажиллахаар техник, хүн хүчээ шилжүүлж эхэлсэн байна. Шувуун фабрик, Эмээлт чиглэлийн үлдэж буй ажлуудыг чанар, стандартын шаардлагын дагуу дуусгаж, төмөр замыг ашиглалтад бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын Засгийн газар мэдээллээ.


Мөн төслийн ажлыг эрчимжүүлэх үүднээс зарим газарзүйн онцлог байдлын хувьд, инженерийн хүнд шийдэлтэй, ажил нь удаашралтай байсан уулын амны нарийн хэсэгт шуурхай зохион байгуулж, ажлаа цаг хугацаандаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн ‘Жинжи майнинг’ компанийн тэрэг техник, хүн хүчийг нэмэлтээр дайчлан ажиллуулж, ердөө хоёр хоногийн дотор тухайн хэсгийн ухмалын ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн компаниуд ажлаа үргэлжлүүлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe