Өмнөх бичвэртээ намраас Н.Учралын Засгийн газар гаднын нөлөөтэй савлаж эхлэх тухай бичиж байсан. Тэр хөдөлгөх хүчин зүйл нь Л.Оюун-Эрдэнийн талаас ирэх тухай ч дурдсан. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын харилцаа хөрснөөс үүдсэн олны нүдэн дээрх ил улс төр нь нэгнийгээ хуулийн байгууллагаар шалгуулж, сандал суудлаа булаацалдаж ах нь дүүгээ сургасан. Үүнээс хойш далд улс төр яаж өрнөөд байгааг эх сурвалжийн мэдээллээс болон өөрийн таамгаар тодорхойлох гээд үзье.
Л.Оюун-Эрдэнийн фракцынхан хэнтийд уулзалт хийв...
Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа тэргүүтэй нөгөө хэд Хэнтийд уулзалт хийж Л.Оюун-Эрдэнэ нөхөддөө улс төрийн акц хийх төлөвлөгөөгөө танилцуулсан гэх яриа үнэн байж. Ингэхдээ тэдний фракцад сөрөг хүчинээс Х.Баттулгаас гадна өөр хүн нэмэгдэж байгаа тухай ч танилцуулжээ. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийг орхисон гэдэг цуурхал яг ид улс төрийн өрнөл явж байх үед ордон даяар л цуурч байлаа. Гэхдээ энэ хоёр хүн өнөөдрийг хүртэл хийсэн үйлээрээ холбогдсон учраас нэгнийгээ орхисон ч үйлийн үрээ хамтад нь үүрэх хүмүүс тул хувь тавилан дураар нь салгачихгүй. Тэгж харагдуулах гэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын заль байсан ч байж мэдэх юм. Хэсэг хугацаанд нөгөө налж байгаа дүр эсгэн өөрсдийн санаснаа гүйцэлдүүлэх хугацаа хожоод араас нь улс төрөө хийх. Өөрийн зайндаа орж байгаад гэдэг шиг л. Юу юугүй хорих ангийг зорих гээд байсан тэдний нөхцөл байдал одоо тэс өөр болж дараагийн алхамаа төлөвлөж суухтайгаа болжээ.
Х.Тэмүүжиний эхлүүлсэн тэдний улс төр...
Г.Занданшатарын Засгийн газрыг унагахад Ардчилсан нам гол үүрэг гүйцэтгэсэн. Ардчилсан нам ч юу байх вэ Х.Тэмүүжин санааг нь гаргасан. Н.Учрал намын дарга болчхоод УИХ-ын дарга хийгээд байхаар нь нэг намын дарга УИХ-ын толгойд гарч сууж болохгүй гэдэг хаа хаанаа харгүй оновчтой улс төрийн гаргалгаа байв. Ингээд Н.Учрал УИХ-ын даргын суудлаа өгөхөөс өөр аргагүй болсон учраас Г.Занданшатар ахыгаа буулгаж өөрөө Ерөнхий сайдад зүтгэсэн. Ерөнхийлөгчийн амбицтай явсан Г.Занданшатар хоёрдугаар эгнээ рүү шилжэх нь тэр. Намын хурал дээр Н.Учралыг Ерөнхий сайдаар дэмжүүлэхэд У.Хүрэлсүх дангаар хүчрэхгүй учраас Д.Амарбаясгалангийн нөлөөг Н.Учралын Засгийн газарт хоёр сайдаар наймаалсан. Тэр хоёр сайд нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар юм. Ингэж Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн талтай түр эвссэн дүр зураг харагдав. С.Амарсайхан бол хэрэг царцаах үүрэгтэй, Ч.Номинд харин бидний мэдэхгүй шалтгаар өртэй учраас өнөөдрийг хүртэл Засгийн газарт ямар нэгэн сайдын суудал өгсөөр байгаа байх. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг Л.Оюун-Эрдэнэд өгсөн нь Н.Учралын хамгийн том алдаа. Одоо өөрийнх нь хоолойг боох гээд хүлээж сууна.
Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар МАН-ын улс төрд...
Х.Тэмүүжин Ардчилсан намын харьяалалтай ч гэсэн олуулаа уулзахаар захлаад суучихдаг нэгэн шиг ганцаар тоглолт хийдэг улс төрч. Ийм улс төрчид улс төрд тогтсон дүрмийн дагуу өөрийнх нь эрх ашиг хаана байна тэнд очих магадлал ихтэй байдаг. Үүний жишээ нь өнгөрсөн хаврын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудал дээр харагдсан. О.Цогтгэрэл бүлгийн даргын суудлаа өгөхөөр болж бүлэг дотроо хуралдахад Х.Тэмүүжинг олонх дэмжиж саналаа илэрхийлж байлаа. Ялангуяа хэзээнээс үздэггүй байсан Женко Х.Баттулгын талын гишүүд түүнийг дэмжсэн нь Х.Баттулгатай холбогдож байгааг харуулсан юм. Гэхдээ энэ хурал хальт завсарлаад эргээд орохдоо бүлгийн даргыг дараа сонгохоор болоод тарсан. Уг нь Г.Занданшатарын Засгийн газрыг унагаж Л.Оюун-Эрдэнэ нарт амьсгалах түр хугацаа өгсөн шагнал нь бүлгийн дарга байсан байх. Гэвч У.Хүрэлсүх дундуур нь орж ирэн утас цохиж Ардчилсан намын бүлгийн хурлыг тараасан. Ингээд Х.Баттулгын Х.Тэмүүжинд үзүүлсэн дэмжлэг талаар болов. У.Хүрэлсүх эхлээд С.Баярцогтыг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилчхоод дараа нь бүлгийн даргын асуудлаа ярих хэрэгтэй гэж хэлсэн гэх яриа ч байдаг. Үнэн ч байж магадгүй С.Баярцогтыг томилох хурал дээр Х.Баттулгын талынхан хамгийн их эсэргүүцэж үг хэлж байсан. С.Баярцогт Ерөнхий нарийн бичгийн дарга болсноор Х.Тэмүүжингийн бүлгийн дарга болох асуудал ч тэр чигтээ замхарсан юм даа.
Үүнийг эргэн сануулж байгаа нь Х.Тэмүүжин эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд Х.Баттулгатай гар барьсан. Харин Х.Баттулга хэзээнээс л Л.Оюун-Эрдэнэтэй хамт байсаар ирсэн. Тийм учраас Х.Тэмүүжин МАН-ын энэ улс төрд тэдний талаас оролцсон бололтой. Одоо дараагийн ангид Н.Алтанхуяг орж ирж байгаа сураг гарав. Орж ирэх ч юу байх вэ Н.Алтанхуяг, Х.Баттулгатай сайн, муугаар холбогдож ирсэн гэдгийг бүгд мэднэ. Х.Баттулгын зөвлөх хүртэл хийж явсан хүн. Дараагийн хөзөр нь л Н.Алтанхуяг болж таарах юм шиг байна. Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намынхантай нийлж байгаад Засгийн газрыг унагах арга сэдэж байгаа тухай яриа ийм учраас үнэний ортой болж байх шиг. Мэдээж тэдэнд үйлчлэх Н.Алтанхуягийн эрх ашиг юунд вэ гэвэл Ерөнхийлөгч. Түүнийг У.Хүрэлсүхийн талаас яллагдагч болгоод Ерөнхийлөгчид нэр дэвших хүслийг нь түр гацаачихсан. Тэгээд ч намаас нь олигтой дэмжлэг үзүүлэхгүй байгаа учраас Х.Баттулгыг ноолж тэр зүгт мөрөө гаргах гэсэн болов уу. Түүний хамгийн эхний ажил Засгийн газрыг унагах улс төрд идэвхтэй оролцох. Тэгж байж өөрийнх нь ч өрөөлийн ч хүсэл биелэхэд нэг алхам ойртоно. Эрх ашиг л улс төрд хэнийг ч хөдөлгөх хүч.
Алдагдалгүй ашигтай тоглох нүүдэл...
Ерөнхий сайдын өрсөлдөөнд дийлдсэн Л.Оюун-Эрдэнийн дараагийн зорилго бол Ерөнхийлөгчийн сонгууль. Дэвшүүлэх хүнээ ч тодорхой болгочихсон. Тэр нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан гэв. Одоогийн Засгийн газрыг унагах улс төр нь ч жил хүрэхгүй хугацаа үлдсэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Түүнээс өмнө өөрийн зүгээс дэвшүүлэх хүний нэрийг оруулахын тулд юуг ч хамаагүй хийнэ. Саяхан аймагтаа болсон Улсын Заан С.Мөнгөнцоожийг хүлээж авсан арга хэмжээний үеэр яриа өгөхдөө Үндэсний хэмжээний ажилтай байгаад тойрогтоо ирэх завгүй явсан тухайгаа ярьсан байсан. Түүний Үндэсний хэмжээний ажил нь дараагийн улс төрийн акц хийх төлөвлөгөө л байсан байх. Ер нь бол Х.Баттулгын талаас Н.Алтанхуягийг зүтгүүлээд, Л.Оюун-Эрдэнийн талаас С.Амарсайханыг зүтгүүлээд аль нэг талдаа ашигтай гаръя гэсэн төлөвлөгөө байх гэж таамаглаж байна. Ямар ч үнээр хамаагүй л Ерөнхийлөгчөө авах улс төрийн тэмцэл чуулган эхлэхээр өрнөх нь. Эдгээр хүмүүсийн улс төр дэх ашиг сонирхол нэг зүйл дээр огтлолцож байгаа учраас аль аль талаасаа л эрвийх дэрвийхээрээ зүтгэх нь дээ.
Сэтгэгдэл үлдээх
Х.Баттулга ба Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, С.Амарсайхан нарт Монголын улс төрд одоо онцгойрч, цойлох орон зай үлдээгүй ээ.
Иргэн
Дэмжих үү?
0 0