Энгийн дарга

Б.Энхтулга
2026-08-11

Улаанбаатар хот шинэ хотын даргатай болоод яг 76 өдрийг ардаа үдэж байна. Олон жил төлөвлөсөн хуримаа хүртэл цуцлан барин хотын дарга болсон Б.Пүрэвдагва хангардийн логотой хантаазаа өмсөөд 100 хоног болоход ердөө 24 хоног үлдсэн гэсэн үг. Ерөнхий сайд, хотын дарга зэрэг аж ахуйтай зууралддаг албан тушаалтнууд 100 хоног болоод хариуцсан ажлынхаа талаар тайлангаа тавьдаг уламжлалтай. Намын аппаратаас гарч төрийн гүйцэтгэх ажил хийж үзээгүй хүн учраас өнгөрсөн хугацаа түүнд танилцах дадлага байсан гэж ойлгож өнгөрүүлэх нь ч хаашаа юм. Хэл ам нь гүйцэгддэггүй Х.Нямбаатар даргын эхлүүлсэн хэд хэдэн төслүүдийг л үргэлжлүүлэн авч яваа тэр тэнд очоод лайвддаг уламжлалыг нь ч гэсэн хадгалж үлдсэн. Түүний хотын дарга болоод нээсэн Бяруузанын Пүрэвдагва фейсбүүк хуудаст гэхэд л өнөөдрийн байдлаар 90 ширхэг богино хэмжээний болон бичлэг оржээ. Ажил хийсэн хоног нь 76 гээд бодохоор өдөрт тогтмол нэг заримдаа хоёроос гурван ажил хийж байгаа богино бичлэг оруулсан болж таарч байна. Улаанбаатар мэдээ гэсэн нийслэлийн өөрийн хуудастай нийлүүлээд тооцвол хэдэн зуугаар тоологдох нь. Сошиалд орсон богино бичлэгээр нь хэрхэн ажлаа хийдэг вэ гэдгийг нь дүгнэдэг байсан бол мань дарга гарцаагүй онц дүн авахаар. Харамсалтай нь фейсбүүкийн лайк, шейр биш нөхцөл байдал шүүх юм даа.

Яг юу хийлээ гэж бодохоор толгойд орж ирдэг юм байдаггүй ээ. Ямартай ч төсвөө нэг тодотгоод амжсан, даншиг наадмаа хийсэн, төрийн мөнгөөр зуслан барьж өгнө гэж дүү нартаа амласан, С.Зоригийн хөшөөг байранд нь тавьсан гэх мэт ажлуудыг хийжээ. Аа тийн 10 гаруй жил нэг ч даргын нүүр үзээгүй Өлзийт хороололд үерийн далан бариулж байгаа шүү нээрээ. Гэхдээ энэ нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хүсэлтээр гэх үү албан шаардлагаар гэх үү анхааралд нь оруулж хийлгэсэн ажил. С.Зоригийн хөшөө ч гэсэн түүний ганц ганган пи араа хийх сэдэв болж өгсөн. Найман дүүргийн Засаг даргаа шууд удирддаг Нийслэлийн Засаг дарга нь байж нэг дүүргийнх нь нөхөр захирамж гаргаад монголчуудын эрх чөлөөний бэлгэдэл болсон хөшөөг нүүлгэж байхад мэдээгүй л явсан гэдэг. Маргааш нь гарч ирээд сүрхий дүр эсгээд хөшөөг буцаан нүүлгүүлж нөгөө Засаг даргаа хэдэн сарын цалингаар нь шийтгээд олны эсэргүүцлийг намжаасан. Улс төрчид алга ташилт авахын тулд юугаар ч хамаагүй тайз засдаг гэдгийг ойлгодог мань мэт шиг хартай нөхөд бол тавилттай жүжиг байсан л гэж хардахаар.

Иргэдийн зовлон, дарга нарын таашаал...

Зунжин токоо хязгаарлуулж, халуу усаа таслуулж, шатахуунд дугаарлаж зогссон иргэдээ дахиад л шийтгэсэн шийдвэр гарав. Нийслэлийн Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс 8-р сарын 15-с эхлээд 9-р сарын 12 хүртэл бараг нэг сарын хугацаанд бүсчлэл хамаарахгүй автомашиныг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулах. Хэд хэдэн шалтгаантай гэж тайлбарлалаа. КОП-17 олон улсын хурал болж байгаа учраас гаднын олон орны хүмүүс ирэхэд хот сэлүүхэн байх ёстой гэдэг хамгийн эхний шалтгаан. 2016 онд АСЕМ болж байх үед хөдөө, хотоор нь иргэдээ ялгаж хотоос гаргахыг нь гаргаад орох гэснийг нь оруулахгүй түгждэг шиг л. Дараагийн шалтгаан нь хичээлийн шинэ жил эхлэх үеэр замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг учраас зохицуулалт хийж байгаа нь тэр гэв. Олон улсын хурал болдог ойлгож байгаа тодорхой хэмжээнд хөдөлгөөн ч хязгаарладаг. Гэхдээ хотоор нь хоёр хэсэг хуваадаг төр би лав амьдралдаа харж байгаагүй юм байна.

Хязгаарлаж болно оо. Нийтийн тээвэр нь төрөл бүрээр явдаг, хүртээмж сайтай бол нэг сарын хязгаарлалтыг ядах юмгүй л даваад гарчих байх. Нөхцөл байдал нь ямар билээ гэдгийг мэдсээр байж албаар биднийг яргалах гэж байгаа мэт л шийдвэр гаргаж байгааг тийм дээ гээд хараад сууж байдаг бид зовлондоо дэндүү дасжээ. Хүмүүс ажлаа хийх хэрэгтэй, ажилдаа хоцрохгүй явдаг байх хэрэгтэй, автобусандаа багтдаг байх хэрэгтэй хотын дарга аа. Ажиллаж байж та нарын төсвийн мөнгийг дааж ядсан татвараараа бүрдүүлдэг. Ядаж ажил, сургуульдаа явахдаа зовдоггүй баймаар байна. Ядаж байхад түгжрэлийг давж ажлаа амжуулдаг ганц унаа түрээсийн скүүтерийг нь хориглочихсон. Хориглосон нь буруу юм байна аа эргээд явуулъя гээд Нийслэлийн Цагдаагийн газрын даргадаа үүрэг болгоод нэг долоо хоног өнгөрчихсөн. Цагдаагийн дарга нь дүлий юм уу эсвэл наанаа явуул гэж попорч пи араа хийчхээд цаанаа түгжээд байгаа ч юм уу сэвтэй. Намд олон жил зүтгэсэн шагналаа авч ах нарынхаа үгээр хотын дансыг нааш цааш нь зохицуулах үүрэг хүлээсэн гэдэг ч ганц түрээсийн скүүтерээ явуулчих эрх мэдэлгүй байна гэж байхгүй байлгүй дээ.

Уг нь суррон, скүүтерийг УИХ-аар хуульчлаад зөвхөн авто замын нэгдүгээр эгнээгээр явуулж, насанд хүрээгүй иргэн унахыг хориглосон. Баталсан хуулийнх нь дагуу зохицуулалтаа хийж чадахгүй байгаа нийслэлийн буруу. Бас ямар ч бэлтгэл ажилгүй яаран ийм хууль баталсан УИХ-ын ч буруу. Уялдаа холбоогүй шийдвэр гаргачхаад зам дээр скүүтер, сурроноо гаргаж автомашинтай мөргөлдүүлэх үү, эсвэл дураар нь тавьж эсэргүүцсэн хүмүүсийн хэл аманд өртөх үү гэдэг ацан шалаанд орчхоод гайхаад сууж байдаг.

Зам дээр гарч байгаа хүндхэн осол скүүтер, мопед гэхээс илүүтэй суррон гэх хурд нь 20 км цагаас дээш 60-80 км цаг хүрдэг цахилгаан дугуйтай хүүхдүүд хурд хэтрүүлж янз бүрийн үзүүлбэрээ авто замын хөдөлгөөнд орж байхдаа үзүүлснээс болж хүн дайрч эсвэл өөрөө дайруулж байгаа.  Ер нь бол бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид 1 сая хол давсан хүн амтай нийслэл хотод амьдарч байгаа. Бүх зүйл дэг журам, хувь хүний өөрийнх нь соёл, сэрэмж дээр тулгуурлана. Хөдөө тал дээр явж байгаа мэт тааваараа явах нөхцөл байхгүй гэдгийг. Нөгөө талдаа иргэдээ аюулгүй зорчих нөхцлийг нь хотын захиргаа нь бүрдүүлдэг байх хэрэгтэй.

Энгийн иргэд, төрийн дарга гэж нийслэлийн төлөөлөгч З.Төмөртөөмөө иргэдээ хоёр хуваасан шиг шинэвтэр хотын дарга маань өөрийгөө энгийн иргэн гээд эндүүрээд байх шиг. Энд тэнд очиж хүмүүсийн зовлон сонсох биш та бол дарга бүр шийдвэр гаргадаг хотын хамгийн том дарга шүү. Суралцаж ядаж байх хооронд чинь татвар, инфляци, төрийн дарамтад дарлуулж ядаж байгаа "Энгийн иргэд" бид энэ хотод чинь амьдрах нөхцөлгүй болох нь ээ. Лайв, богино бичлэг биш бодит шийдэл болсон ажил хиймээр байна. Ядаж хэлсэн үг чинь ажил болж амьдрал дээр биелдэг болмоор байна даа “Энгийн дарга” минь.

 

 


 

 

 

Сэтгэгдэл үлдээх

одоо эхлүүлсэн байгаа төслүүд нь дуусахаар ямар байдалд орохнуу тэ Үнэхээр сайн бна уу муу бна уу хийсэн ажилыг нь харж дүгнэнэ их том дэд бүтцийн ажил хийж байгаа шүүдээ

Эгшиглэн

Дэмжих үү?

0 0

oroogood bna shuu coc 17 hural dorj hayj 10k aas 12k hun ulaanbaatar hotod chin irne ongorson jil 8 sard dugaar hyzgaaralt ywsan tegsen ch tugjrel baisan ene jil bur ih hun irne tehed tugjreed baij

bilguun

Дэмжих үү?

0 0

Ene hed setguulch nertei bugs uhdag meddeg geed hutsdag halaasnii golog shig yum nuud mongoloor duuren bolloo shuu chinii bichsen niitlel gehuu shantaaj gehuu yumuug chin unshlaa chi ooroo ooriigoo or

bilguun

Дэмжих үү?

0 0

Энэ бичсэн юмнаас чинь яагаад Нянбактер ард нь байгаа гэж харагдаад байна??? лол

Тогтох

Дэмжих үү?

0 0

Нэг хүний шийдвэр захирамжаар хотын асуудлуудыг шийдчихдэг бол амар л байна. Гэхдээ ажил чинь харьяа байгууллагууд болон чиг үүргийн яамдуудтай нь хамтарч ажиллаж байж үр дүн гарах байлгүй дээ.

Sarnai

Дэмжих үү?

11 1

Hotiin ajliig 76 honogt bugdiig shiidne gej yu baihawdee. Gol ni ajiluudaa zuw erembelj ajillaj chadaj baina uu? gedeg ni chuhal daa

jagaa

Дэмжих үү?

17 0

100 honog cn yg unendee mash baga hugatsaa gej bodoj bn.

Saruul

Дэмжих үү?

17 0

Yaraad yahavdee ehluulsen ajliinh ni guitsetgeliig ni l harna daa.

Altaa

Дэмжих үү?

20 0

Өдөр болгоны нийтлэлээ нөхөх гэж арга ядсан бичвэр вэ. Хэдхэн санаа гаргах гэж яасан их нуршаа вэ

Маргад

Дэмжих үү?

20 1
Newsletter Subscribe