Г.Дамдинням сайд үндсэндээ 2 сараас хойш хойд хөрш рүү гүйдэлтэй болж балга шатахуунаа тасалчихгүйхэн аргалахаар айлын талыг царай алдаж яваа. Сүүлдээ багахан шатахуун нийлүүлнэ гэсэн амлалт дээр нь ард түмнээрээ алга ташиж хөөрцөглөн сууна. Энэ дүр зураг зовлондоо бид хэдий нь дассаныг илтгэх мэт. Дайнтай улсаас гуйлга гуйж гал унтраах байдлаар явсаар өчнөөн жилийг үдлээ. Дайн эхлээд 3 жил болж байна. Гэтэл ниргэсэн хойно нь хашхирав гэдгийн адилаар эрсдэлийн ямар ч алхам хийлгүй өнөөдрийг хүрч арай л гэж 30 хоногийн нөөцөө ядаж гурван сарынх болгоё гээд татаас өгөх замаар хувийн хэвшлийнхэнд есөн хувийн хүүтэй зээл олгож сав суулгаа барьж эхэллээ. Гал намжаах ажиллагааны хортой талд нь уул уурхайн салбарын бодлогыг хэн авч яваа бол? АМНАТ-аа өөрчлөх үү, том төслүүдээ хөдөлгөх үү, нөөц хайгуулын салбараа сэргээх ажлыг хэн удирдан зохион байгуулж бодлого зангидах юм бол. Үндсэндээ сонгуулийн дөрвөн жил талдаа орчихсон. Гэтэл том нам битүү улс төржиж, нэгэнтэйгээ алалцсаар бүрэн эрх нь талдаа орсон. Ингэж айлаас тог цахилгаан, шатахуун түлшээ гуйж явтал сонгуулийн пи ар эхэлж, элдэв бэлэн мөнгө тараах уралдаантайгаа залгах гэж байна. Харамсалтай ...
Үнэн гэвэл биднийг өвөл хүлээж байна. Инфляц 13 хувь руу орж, төсөв мөнгө хүндэрсээр таван жил засагласан Л.Оюун-Эрдэнийн ЗГ 125 их наядыг захиран зарцуулахдаа шатахууны нөөцийн талаар бодсонгүй. Мега төсөл боловсруулж, цаас үйлдвэрлэж, үндэсний хороо байгуулж тоглоод завгүй байлаа.
Боддоггүй тунгаадаггүй учраас төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс бүр анхааруулж цагаан дээр хараар бичиж өгөөд ч үл тоосон аж. Ингээд өмнөх жилүүдийн үрэлгэн төсвийн зардалдаа бид сөхөрч өнөөдөр төсвийн алдагдал хоёр их наяд хүрлээ. Энэ бол өмнөх он жилүүдийн үр дагавар. Энийг уг нь яаралтай оношлоод засах ёстой. Төсвийг яаралтай тодотгохгүй бол улс орон хэцүүдлээ хэмээн аахилж чанга дугарч явсан Ж.Энхбаяр сайд, уяач тодотголтой сангийн сайд З.Мэндсайхан төсвийн тодотголоо оруулж ирэлгүй халуун намрыг угтлаа. Одоо орж ирээгүй тодотгол эдийн засгийн хямралыг намжаах нь юу л бол. Ердөө 30 хоногийн дараа 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг эхэлнэ. Ингэхээр танаж, тодотгох, зарлагаа хумих орон зай цаг хугацаагаа ЗГ үндсэндээ алдсан гэсэн үг. Төсөв хагас жилээ давсан тул төсвийн хөрөнгө оруулалт хийгдэж, зарлагууд хэдийн гарчихсан юм.
Тоондоо сайн биш хүн ч манай төсвийн төлөвлөлт хог гэдгийг харчхаж чадна. Урсгал зардлаа тэлж, зардлаа санхүүжүүлж чадахгүй төсөөлж, эрэмбэлээгүй хөрөнгө оруулалтууд үнэхээрийн үрэлгэн бөгөөд мулгуу байгаад хотын явган замаар тав алхаад харчхаж болно. Зүв зүгээр байгаа явган замаа хуултлаа бид уйдсан эсвэл баяжсан байна. Энийг эрэмбэлж ялгаж, салгаж хэрэггүй ажлуудыг нь зогсох байх гэсэн залуу хотын даргаас хүссэн хүлээлт ч унтарлаа. Бид Х.Нямбаатарыг арай залуу даргаар сольжээ. Харин хүн нь солигдсон ч ажил нь ахиж, эрүүл сэтгэлгээ ялсангүй. Эргээд улсын төсвийн асуудалдаа анхаарвал төсвийн зарлага 2022 онд 18.1 их наяд, 2023 онд 20.5 их наяд байсан бол 2025 оноос огцом 30 их наяд төгрөг болж өссөн. Нөгөө талдаа орлого нь зарлагаа хэзээ ч гүйцэж байгаагүй. Улмаар өнгөрсөн хагаст Онцгой албан татварын орлогоос бусад татварын орлого өссөн ч зарлагаа гүйцсэнгүй. Биднийг шатахуун түлшгүй, үнийн өсөлт цойлсон хүнд хэцүү урт өвөл хүлээж байна. Хахир өвлийг сайхан наадсан юм даа хэмээн сэтгэлээ зогоож барах уу? Иргэд өрхүүд, компаниуд дахиад л бүсээ чангалах нь. Харин төрийн мөнгөөр туйлагсад хэзээ бүсээ чангалах юм бол.
Сэтгэгдэл үлдээх