Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2028 онд Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна хэмээн энэ сарын 10-нд өөрийн биеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллах үеэрээ амлалаа.
Энэ үйлдвэр БНЭУ-ын Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын зээлээр баригдаж байгаа төсөл. Санхүүжилтийн тухайд 2016 онд дэд бүтэц болон үйлдвэр барихад зориулан зээлийг баталж, үндсэн зээлийн хэмжээг 1.2 тэрбум ам.доллар болгон эцэслэн тохирч нээсэн.
Цар тахлын нөлөө болон дэлхийн зах зээл дээрх тоног төхөөрөмжийн үнийн өсөлтөөс шалтгаалан төслийн өртөг 1.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын УИХ-аас 462.2 сая ам.долларын нэмэлт зээлийн хэлэлцээрийг 2025 оны 1-р сард албан ёсоор баталж шийдвэрлэжээ.
Зээлийн талаар Сангийн сайд З.Дэлгэрсайхан “Энэтхэгээс олгосон 1.7 тэрбумын зээл бол 20 жилийн хугацаатай. Эхний 5-7 жил нь үндсэн нөхцөлөөс чөлөөлөгдөнө. Иймээс бид 2030 оноос зээлээ төлж эхэлнэ” хэмээн ярилаа. Зээлийн хүү нь жилийн 1,75 хувь.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 50 гаруй хувийг хангана хэмээн эрх баригчид мэдээлээд байгаа. Ингэснээр ОХУ-аас 98 хувийн хамааралтай манай улс бага ч гэсэн өрх тусгаарлах боломжтой болох нь.
Хүчин чадлыг төрлөөр ангилбал,
Бүтээн байгуулалтын ажид 60 хувьтай үргэлжилж байна.
Сайдын амласан ёсоор үйлдвэр товлогдсон ондоо нээгдвэл талархууштай ч бид дээрх бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэх дээрээ хүрэхэд дараах асуудлууд байна.
Боловсруулна гэдэг нь олборлосон түүхий нефтийг физик болон химийн өргөөр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн буюу шатахуун, дизель түлш зэргийг болгох юм.
Тэгэхээр хамгийн эхний шатад түүхий эд бэлэн, тогтвортой байх шаардлагатай.
2022 онд Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас газрын тосны үйлдвэр рүү түүхий тос дамжуулах хоолой байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Тус хоолойн ажил 90 гаруй хувьтай байгаа хэмээн Засгийн газраас мэдээлээд байна. 527км үргэлжлэх уг хоолойд тусад нь 388 сая ам.доллар төсөвлөжээ. Гүйцэтгэлийг БНХАУ-ын төрийн өмчит компани хийж байгаа бөгөөд энэ төлбөрийг 100 хувь Эрдэнэс Тавантолгойн нүүрсээр төлөх аж.
Гэтэл энэ хоолойгоор жилд хэр хэмжээний түүхий тос дамжуулах, энэ нь жилд боловсруулах 1.5 сая тоннын хэдэн хувийг эзлэх, үлдсэн хувийг хаанаас татах, Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК хайгуулаа нэмэгдүүлэх зэрэг нь тодорхойгүй байна.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь манай улсад хамгийн том хэмжээний газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус компанийн олборлолт сүүлийн жилүүдэд буурсаар байгаа бөгөөд 2025 онд ойролцоогоор 400 мянган тонн нефть олборложээ.
2028 онд үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бид өөрсдөө дотоодын түгээх системээр түгээх шаардлагатай болно. Ингэснээр Сайншандаас Улаанбаатар руу хэрхэн шатахуунаа нийлүүлэх вэ гэдэг асуудал үүсэх нь дамжиггүй. Тиймээс холбогдох яам одооноос үүнийг төлөвлөж байхгүй бол амар зүйл биш гэдгийг Эдийн засагч Б.Энхбаяр Bloomberg телевизийн ярилцлагад орох үеэрээ сануулсан байдаг.
Одоогийн байдлаар үйлдвэрийн ажлын талбарт БНЭУ-ын 3700 гаруй ажилтан, “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн 150 гаруй монгол ажилтан тус тус ажиллаж байна.
Төсөл дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болно гэсэн ч яг энэ чиглэлийн боловсон хүчин манай улсад хангалтгүй, шинэ туршлага юм.
Мөн үйлдвэр үндсэндээ хоёр том хэсгээс бүрдэх тул 550 инженер ажиллах ёстой аж. Энэ хүрээнд тус компани ШУТИС, МУИС-ийн багш нартай хамтран энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулжээ.
Харин Ерөнхий сайд Н.Учрал “Ирэх жил үйлдвэрт ажиллах хүчин бэлтгэх зорилгоор 10,000 ажилтан бэлтгэнэ” гэсэн ч хаана, хэрхэн гэдэг нь тодорхойгүй мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл үлдээх