Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэлээ. Мөн банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөн, 14.5 хувь болгохоор шийдвэрлэв. Ингэснээр төв банк өндөр инфляцын эсрэг мөнгөний бодлогоо чангаруулах мөчлөг рүү эргэн орж байна. Монгол Улсын жилийн инфляц VII сард 13 хувьд хүрч, Монголбанкны зургаан хувийн голчтой зорилтоос даваад байгаа юм.
Шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь инфляцыг голлон хөөрөгдсөн бол суурь инфляц оны эхнээс аажмаар нэмэгдэж, VII сард хүлээлтээс давж эрчимжсэнийг төв банк онцолжээ. Ийнхүү Монголбанк бодлогын хүүгээ 26 сарын дараа хамгийн өндөр түвшин болох 12.5 хувьд хүргэж байна. Бодлогын хүү нь санхүүгийн зах зээлийн суурь хүү болдог бөгөөд арилжааны банкуудын зээлийн хүү болон бусад санхүүгийн бүтээгдэхүүний өртөгт шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Инфляц өсөж, иргэдийн худалдан авах чадвар суларч буй энэ үед бодлогын хүүг нэмэгдүүлэх нь зээлийн өртгийг өсгөж, улмаар бизнесүүдийн зээлийн хүртээмжийг хумих эрсдэлтэй. Ялангуяа үйл ажиллагаагаа зээлээр санхүүжүүлдэг компаниудад энэ нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлнэ.
Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нөхцөлд Засгийн газар ч мөн төсвийн зардлаа танаж, эрэлтийг хэт өдөөхгүй байх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэг талд мөнгөний нийлүүлэлтийг хумиж байхад нөгөө талд Засгийн газрын худалдан авалт, төсвийн зарлага буурахгүй бол мөнгөний бодлогын үр нөлөө суларч болзошгүй.
Ийм нөхцөлд мөнгөний болон төсвийн бодлого хоорондоо зөрчилдөх бус, харин нэг чиглэлд уялдах шаардлагатай. Эс бөгөөс эдийн засгийн идэвхжил саарч, зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг аж ахуйн нэгжүүдэд бодлогын хүүгийн өсөлт илүү хүчтэй дарамт болж мэднэ.
Төв банкнаас зах зээл дэх бэлэн мөнгийг хумих бодлого барьж байгаа мэт харагдах боловч 2026 оны 5 дугаар сарын эцэст М2 мөнгө 52.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 27.5 хувиар өссөн байна. Бодлогын хүүг өсгөсний дараагаас төв банк мөнгөний нийлүүлэлтээ багасгах эсэх хөдөлгөөнийг ажиглахаар байна.

Сэтгэгдэл үлдээх