Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.
2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана.
Энэхүү төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон мөн аймгийн Алтанбулаг сумаар дамжин Эмээлт өртөөнд холбогдоно. Төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК нь 2 үе шаттай хэрэгжүүлж байна.
Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 ААН, 4,000 гаруй инженер, техникийн ажилчид оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1км гол зам, 177.4км дэлгэмэл урт бүхий, 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх