Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Монгол улсын Иргэний нийгмийн байгууллагууд “Нэгдсэн байр суурийн баримт бичиг” боловсруулж, Монголын талыг төлөөлж хэлэлцээрт оролцох талуудад хүргүүлэв.
Монгол Улсад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал 2026 оны 08 сарын 17-аас 28-ны өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна. 197 талуудын шийдвэр гаргагч нар 10 гаруй өдрийн турш бэлчээр, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл/шийдвэрийн санал дээр зөвшилцөлд хүрэх үе. Иймээс 30 гаран Иргэний Нийгмийн байгууллагууд манай улсын цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлогыг эргэн харах, хэрэгжилтийг хурдасгах, бэлчээрийн экосистем, уламжлалт мал аж ахуйн соёл, уул уурхайн нөхөн сэргээлтийн нөхцөл байдалтай холбоотой олон улсын түвшинд дурдагдахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх саналыг олон улсад төдийгүй Монгол улсын Засгийн газарт хүргүүлэхээр “Иргэний Нийгмийн байр суурь”-ийг боловсруулан хамтран ажиллаа.

Тус байр суурийн хүрээнд:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын өмнөх шийдвэрүүдийн орхигдож буй асуудлууд;
Бэлчээр газрын доройтлын асуудлаар Монголын уламжлалт бэлчээрийн экосистемийн хүлээн зөвшөөрөгдөх байдал;
Уул уурхайн зөвшөөрөл, олон улсын стандартад нийцсэн нөхөн сэргээлт;
Малчид болон бусад бүх нийгмийн бүлгийн бодлогын түвшинд саналаа хүргэх;
Шударга, хүртээмжтэй санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх бодлогын нөхцөлийг шаардаж байна.
“Иргэний Нийгмийн байр суурь”-ийн хүрээнд дараах 3 тэргүүлэх чиглэлийн саналуудыг дэвшүүлж байна.
Бэлчээр, газрын доройтол, байгаль орчны тогтвортой байдлыг хамгаалах чиглэлээр:
Газрын доройтлыг бууруулах бодлого нь зөвхөн биологийн нөхөн сэргээлтээр хязгаарлагдахгүй бөгөөд газрын засаглал, орон нутгийн оролцоо, хүний эрхийн зарчимд тулгуурлах шаардлагатай. Иймд (1) малчдын уламжлалт бэлчээр ашиглах хамтын эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах; (2) улирлын нүүдлийн зам, өвөлжөө, хаваржаа, усны эх үүсвэрийг хамгаалах; (3) газрын ашиглалт, мониторинг, биологийн нөхөн сэргээлтийг хүлээж авах үйл явцад малчид, орон нутгийн иргэдийн бодит оролцоог хангах; (4) уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд чөлөөт, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрлийн зарчмыг зөвхөн зөвлөлдөх уулзалтаар хязгаарлахгүйгээр төслийн төлөвлөлт, байршил сонголт, зураг төсөл боловсруулах, хэрэгжилт, хаалт, нөхөн сэргээлтийн бүх үе шатанд хэрэгжүүлэх;
Уул уурхай ба хариуцлагатай газрын менежментийн асуудлаар:
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-оос говь цөлийн хамгаалалттай бүсэд олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох болон “Хуурай болон хагас хуурай бүс нутаг дахь олборлох үйлдвэрлэл: Байгаль орчны төлөвлөлт ба менежмент” (2003) удирдамж, дагалдан гарсан тогтоолуудын хэрэгжилтийг үндэсний тайлагналын PRAIS системийн хүрээнд багтан тайлагнадаг болгох шийдвэр гаргах;
Оролцоонд суурилсан хүртээмжтэй шийдвэр гаргалт ба тогтвортой, шударга санхүүжилтийн асуудлаар:
ИНБ-ын оролцоог газрын засаглалын тогтолцоонд институцчилэх;
Оролцоонд суурилсан мониторинг болон уламжлалт мэдлэгийг үнэлэх;
Эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан болон уламжлалт нүүдэлчин малчдын төлөөллийг баталгаажуулах;
Санхүүжилтийн хүртээмж, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх зэрэг саналуудыг тусган Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хуралд Монгол Улсын талыг төлөөлөн оролцох хэлэлцээрч нарт хүргүүлэн, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад хэргийн Яам зэрэг бодлого тодорхойлох, хэрэгжилтийн хангах чиглэлийн төрийн байгууллагуудад хүргүүлж байна.
Улмаар цөлжилт, газрын доройтлын нөхцөл байдалтай холбоотой орхигдож буй оролцоо, санхүүжилт шийдлийн саналуудыг шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэх, тодорхой хэсгийг Талуудын зөвшилцөлд хүргэх цаашлаад урт бодлогын шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр бодлогын нөлөөлөл хийх, дуу хоолойгоо хүргэхээр зорин ажиллаж байна.
Та бүхэн дэлгэрэнгүй Иргэний нийгмийн байр суурийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Энэхүү “КОП-17 Иргэний нийгмийн байр суурь”-ийг Европын Холбооны санхүүжилттэй Пипл ин Нийд Олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ)-ын хэрэгжүүлж буй Хос шилжилт төслийн дэмжлэгтэйгээр 30 гаруй төрийн бус байгууллага үндэсний хэмжээнд хамтран боловсруулсан болно. Энэхүү баримт бичгийн агуулга нь хувь нэмрээ оруулсан иргэний нийгмийн байгууллагуудын байр суурь бөгөөд Пипл ин Нийд ОУТББ болон Европын Холбооны албан ёсны байр суурийг илэрхийлээгүй.
Сэтгэгдэл үлдээх
Нүүдэлчдийн Улаан шугам гэж шинэлэг тодорхой шийдэл байна. ЗГ дэмжээд шийдвэртээ тусгах, анхаарах хэрэгтэй сана л дэвшүлсэн байна АМЖИЛТ
иргэн
Дэмжих үү?
3 0