О.Анужин
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын Монголч эрдэмтний XIII их хурал өнөөдрөөр /2026.08.13/ өндөрлөж байна.
Уг хуралдаанаар дэлхийн 30 орчим орны 600 гаруй эрдэмтэн судлаачдын 530 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.
“Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдвийн хүрээнд “Монголын түүх судлал”, “Монгол хэл судлал”, “Монголын Археологийн судлал”, “Монголын соёл урлаг, Утга зохиол судлал”, “Монголын угсаатны зүй, Уламжлалт мэдлэг ухаан судлал”, “Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлал” гэх 6 салбар хуралдаан өрнөсөн юм.
Энэхүү их хурал нь Монгол улсын Шинжлэх ухаан, Соёлын дипломат бодлогыг дэмжих, Монголын талаар шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, судалгааны үр дүнг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх стратегийн ач холбогдолтой.
Монголч эрдэмтний анхдугаар их хурлыг зохион байгуулж хуралдуулах үйл хэрэгт манай ахмад үеийн академич Ц.Дамдинсүрэн (1908-1986), Б.Ринчен (1905-1977), Ш.Лувсанвандан (1910-1983), А.Лувсандэндэв (1927-1997) нар онцгой идэвх зүтгэл гаргасан байдаг.
Олон улсын Монголч Эрдэмтдийн их хурал нь 1959 оноос эхлэн 67 жилийн хугацаанд 5 жилд 1 удаа уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн билээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн судлаач оролцож антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх