“Гүүглтэй хамт ургая” хөтөлбөрт 350 залуу хамрагдлаа

Ц.Чимэдцэеэ
2024-04-05

      Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан 1,000 цахим мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд эхний 350 иргэн “Grow with Google Гүүглтэй хамт ургая” хөтөлбөрт хамрагдлаа.

           Эдгээр иргэд 100 хувийн тэтгэлгээр 3 сарын хугацаанд суралцах ба англи хэл дээр Coursera платформоор 30 цаг цахимаар суралцаж, 40 цаг ажлын байранд бэлтгэнэ. Улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Google Career Certificate-ийг гардаж авах ба сургалтын үеэр ажлын байранд зуучлуулах юм.

     ЦХХХ-ны сайд Н.Учрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Технологийн салбарт бакалавр, магистрын диплом шаардахаасаа илүүтэй ур чадварыг үнэлдэг онцлогтой. Энэ хөтөлбөрийг төгсөөд авах сертификат бол зарим дипломноос илүү үнэ цэнтэй. Тийм учраас та бүхний хичээл зүтгэлээс хамааран сургалтаа төгсөхөд ажлын байр нээлттэй шүү" гэв.

         Хөтөлбөрийн эхний элсэгчид нь Дорнодоос ирсэн малчин, 16-тай хөвгүүнээс 60 дөхөж буй эмэгтэй хүртэлх 350 хүнээс бүрджээ. Дэмжигчээр МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Голомт банк, Хаан банк, MCS Software Group, Мобиком корпорац, Юнител групп, АПУ, Премиум групп, CIO Club, ICT Group, Intelmind, Mezorn, Gund Investment, Digit, Fibo Cloud, Infinite Solutions ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe