АН: Төсвөө яаралтай тодотгож, үнийн өсөлтийн эсрэг бодлогоо зарла!

Г.Энэбиш
2026-08-13

   Ардчилсан нам өнөөдрийн /2026.08.13/  4:11 мэдээллийн цагаараа Засгийн газрыг нэн даруй 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, ээлжит бус чуулганыг наймдугаар сардаа багтаан зарлахыг шаардлаа. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Хүнсний хувьсгалд 1,3 их наяд, Шинэ хоршоо, чинээлэг малчин хөтөлбөрөөр 841 тэрбум төгрөгийн нийт 2 их наядын нэн хөнгөлөлттэй зээл гаргасан. Энэ хөтөлбөрийн үр дүн хаана байна. Махны ханш я30 мянга давж, инфляц 13 хувьд хүрчихлээ. Мөн ТӨК-иудын орлогоос 1,2 их наяд төгрөгийг түрүүлж аваад 2025 онд үрчихсэн байгааг аудитын тайлан баталсан. Ийм замбараагүй байдал эдийн засгийг улам дордуулж байна. Төсвийн тодотголоо яаралтай хийж ээлжит бус чуулганаа зарлан хуралдуул.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:  “Инфляцын түвшинг өмнөх гурван сарынхтай харьцуулъя. Инфляц гуравдугаар сард долоон хувь байсан бол гуравхан сарын ард буюу долоодугаар сард 13 хувь болж өссөн. Бид уг нь жилийн эцэст долоон хувийн инфляцтай сууж байх ёстой. Энэ юуг хэлж байна вэ гэхээр үнийн өсөлтийн дарамт иргэдэд очиж байна гэсэн үг.

Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ дампуурсан байна. Үүний горыг хамгийн эмзэг бүлэг доод болон дундаж орлоготой иргэд амсаж байгаа. Мөнгөний нийлүүлэлт асар ихээр нэмэгдсэн. Тухайлбал, хагас жилийн хугацаанд 30 хувиар буюу 50 гаруй их наядаар өссөн. Энэ нь мөнгөний ханш үгүй болж, үнэ өсөж байна гэсэн үг. Төсвийн тодотгол бүү хэл, төсвийн төслийг ярьж байхдаа давсан төсөл оруулж ирж байна гэж судлаачид үзсэн. Нэг талаараа төсвийн хязгаарыг давсан төсөв  оруулж байгаа нь улстөрчдөд төсөв юу болж байгаа, ард иргэдэд үнийн өсөлт ямар дарамт учруулж байгааг мэдэхгүй байна. МАН засаг бариад сүүлийн 10 жил болж байгаа. Ер нь сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засаг барьсан байдаг. Үүнээс өнгөрсөн 10 жилд инфляц ямар болсныг хүн бүхэн мэднэ.

Жишээлбэл, махны үнэ 2016 онд 8000 төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр мах 36600 төгрөг болж 357 хувиар өссөн. Мөн талхны үнэ 1100 төгрөг байснаас 2800 төгрөг болж нэмэгджээ. Энэ нь 161 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тэгэхээр махны үнэ, шатахууны хомстол руу чихээд байх явдал энэ биш. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн бодлого бүхэлдээ буруу байсны илрэл. Бид сүүлийн таван жилд 125 их наяд төгрөг үржээ.

МАН гурав дахь Засгийн газраа солиод ажиллаж байгаа ч бодлого нь зөв болохгүй байна. Ард иргэд аль эрт өөр өөрийн төсвөө тодотгочихсон. Татвараа хураалгачхаад үлдсэн мөнгөө юунд, яаж зарцуулах вэ гэдэгт өдрийн бодол, шөнийн зүүд болж байна. Таван талх авдаг байснаа багасгаад гурав болгохоор тооцоогоо хийчихсэн сууж байгаа.

Гэтэл Монгол Улсад хаана, хэрхэн төсвийн тодотгол хийх төсөөлөл алга байна. Найр наадмаа дуусгаад төсвийн тодотголоо яаралтай оруулж ирж, төр нь бас бүсээ чангалмаар байна" гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: МАН үнэмлэхгүй олон суудал авч Засгийн газарт суухдаа төсвийг хэд тэлж, төсвийн зардлыг огцом өсгөсөн. Үүний үр дагаварыг иргэд хүртэж халаасаа хоосолж байгаа юм. Эдийн засаг дахь төрийн хэт их оролцоо нь чөлөөт өрсөлдөөнийг боомилж, төрийн алдаатай бодлого нь бүтээмжийг хумьдаг.

Сүүлийн өдрүүдэд иргэд шатахууны дугаарлалтад өдөр, шөнөгүй зогсож байна. Нэг үгээр хэлбэл, шатахууны хомсдол, шатахууны үнийн өсөлт нь инфляцийн дараагийн давлагааг зах зээлд бий болгоно. Учир нь нефть бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг. Шатахууны үнийн өсөлт нь тээвэр, хүнс үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх салбарт нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл. Ийм байхад Засгийн газар өдөр хоногийг аргацааж, галыг унтраасан байдлаар хандахгүйгээр илүү цогц бодлого дэвшүүлж ажиллах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байна.

Инфляцийн дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байгаа эсэхийг мэдмээр байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийгэмд үүссэн асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлага гарсан. Тодруулж хэлбэл, энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл энэ оны хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их няд төгрөгт хүрсэн. Энэ нь цар тахлын үетэй дүйцэх хэмжээний өндөр үзүүлэлт юм. Үндсэндээ энэ бол жилийн эцсийн үр дүн биш. Зөвхөн хагас жилийн үр дүн юм.

Эдийн засагт инфляцийн дарамт өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам нэмэгдүүлж инфляцийг улам хөөрөгдүүлж байна. Иймээс төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр зардлуудыг танах шаардлагатай.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe