Ховд аймагт алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

.Graph
2026-08-13

О.Анужин

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин наймдугаар сарын 1-ний 09.00 цагийн орчимд “хөрш айлынхантай тарвас хураах ажилд явна” хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болсон.

Цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу наймдугаар сарын 2-ноос эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Одоогийн байдлаар Цагдаагийн 20 алба хаагч 3 тээврийн хэрэгсэлтэй, аймгийн онцгой байдлын 15 алба хаагч 1 тээврийн хэрэгсэлтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 20 алба хаагч 1 тээврийн хэрэгсэлтэй, Буянт сумын төрийн байгууллагуудын 14 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй, ар гэрийн 11 хүн 2 тээврийн хэрэгсэлтэй нийт 80 хүн 9 тээврийн хэрэгсэлтэй охиныг эрэн хайж байна.

Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар алга болсон охины гэр бүлд шуурхай тусламж, хариу үйлчилгээ үйлчилгээ үзүүлж, тус байгууллагын Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиас эрлийн багт ажиллаж байна.

Тэд алга болсон охины ар гэрийн нөхцөл байдлыг үнэлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж тайвшруулах, шаардлагатай хүнсний тусламж дэмжлэг үзүүлэх, сумын хамтарсан багт зөвлөгөө өгөх, хоёр, гурав дахь шатны урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргасан.

ЦЕГ-ын УСА-ны ХГХУСХ-ийн дарга, дэд хурандаа Д.Будзаан: Ховд аймгийн Буянт сумын төв Норжин хайрхан багийн нутаг дэвсгэрт сураггүй алга болсон 10 настай А.Амина охиныг байж болох бүх таамаглалыг дэвшүүлэн хайж байна. Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүүхдүүдийн 98-99 хувийг нь 2-3 цагийн дотор эрлийн ажиллагаа явуулж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгдөг. Мэдээж цагдаад дуудлагыг 27 цагийн дараа өгч хугацаа алдсан ч улсын хэмжээнд 10 минутын дотор бүх суурин суманд мэдээ очдог. Иргэд та бүхэн охинтой холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлнэ үү.

Алга болсон охины ээж Алтангүл: Охин тэр айлд л очдог. Заримдаа өөрсдөө ирээд аваад явдаг. Бага хүүхдээ манай охиноор харуулдаг. Тарвасны талбай дээр нь ч очиж үзэж охиноо хайлаа. Том талбайтай. Цөөрөм шуудуу ч байдаг том талбай. Хөрш айлын хүмүүс хамт хайлцахгүй, туслалцаа үзүүлээгүй. Би өөрөө бас тариалангийн талбай руу явдаг байсан. 

Алга болсон охины аав Аманжол: Охин маань хөрш айлын хүүхдүүдтэй ногооны талбай руу нь хамт явж тарвас хураалцана гээд гарсан. Хөрш айлыг маргааш нь ирэхээр нь охиноо асуутал үлдээгээд явсан гэдэг хариу өгсөн. Өөр уулзсан хүүхэд байхгүй байна. Манай хүүхдүүд ч байнга нэгнийхээрээ орж гардаг, заримдаа хамт хоноод явдаг байсан болохоор бид ч их юм бодоогүй.

Хөрш М.Далилхан: Тэр өглөө биднийг ногооны талбай руу явах гэж байхад Амина хамт явна гэхээр нь "миний дүү жаахан байна, халуунд ядарна, үлд" гээд машинаас буулгаад үлдээсэн. Эрэл хайгуулд нь явмаар байдаг нуруу өвдчихөөд болохгүй л байна л даа. 

Хөрш айлын эхнэр н.Бахатжан: Хүүхэд эсэн мэнд яаралтай олдоосой гээд өдөр бүр л залбирч байна даа.

Буянт сумын хэмжээнд 948 айл өрх, 623 ногооны зоорь, 389 худагны нүхэнд үзлэг шалгалт хийж  нийт 191,5 га талбайд дроноор, 932 км замыг явганаар болон автомашинтайгаар, 28 км завьтайгаар үүрэг гүйцэтгэж, эрлийн ажиллагааг 12 дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Охин алга болох үедээ:

  • Ягаан малгайтай цамц
  • Хар жинсэн өмд
  • Яагаан тавчигтай байсан

Охиныг харсан, үзсэн, байршлыг гадарлаж буй хүн байвал яаралтай холбоо барина уу.

Холбоо барих утас 88043430

Цагдаагийн газар: 7043102  [Орон нутгийн цагдаагийн дугаар]

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe