Ч.Чинхүсэл
Шинэ байрны үнэ 2022 онд м.кв нь 2.35-3.6 сая төгрөг, хуучин байр 2.36-3.74 сая төгрөг байжээ. Харин энэ оны наймдугаар сарын байдлаар unegui.mn зарын сайтаас харахад шинэ 3.79-8.67 сая, хуучин байр 3.25-8.23 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Улаанбаатар Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Монсор
"Цаашдаа манай байгуулгын судалгаагаар орон сууцны үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа. Орон сууцны өсөлт нь барилгын компаниуд ашиг олох гээд нэмээгүй. Харин инфляцдаа чирэгдээд л явж байгаа үнэ. Мөн жил бүр хөдөө орон нутгаас хот руу шилжин ирэх хөдөлгөөн нэмэгдэж байгаа, гэр хороололд амьдардаг хүмүүс амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй байгаа тиймээс Монгол Улсад байгаа өрхийн тоо хүчин чадлаараа баригдаж байгаа барилгын тоог харахаар эрэлт нийлүүлэлтээ хангах боломжгүй байгаа. Өвөлдөө тог тасарч байгаа, эрчим хүчний хомсдолтой байгаа энэ нь өөрөө барилга барихад боломжгүй гэсэн үг. Тиймээс эрэлт нь өндөр байгаа, хүн ам нь өсөөд байвал үнэ нь нэмэгдэх нь ойлгомжтой" гэв.
Улаанбаатар хотод мах, шатахуун түлшний үнийн өсөлтөөс үүдэн зургаадугаар сарын хувьд инфляцийн түвшин улсын түвшинд 12 хувь, Улаанбаатар хотын түвшинд 12,3 хувьтай байгаа билээ.
Мөн Эдийн засагч, судлаач Г.Батзориг
"Одоогийн байдлаар Монгол Улсад 100 гаруй мянган ипотекийн зээлтэй өрх байгаа бөгөөд нийт өрхийн тоо 900 мянга орчим гэж үзвэл ипотекийн санхүүжилт дахин идэвхжих нь зах зээл дээр тодорхой хэмжээний шинэ эрэлт бий болгож, улмаар үнийг өсгөх нөлөө үзүүлэх бодит боломжтой. Өмнө нь ийм үзэгдэл ажиглагдаж байсан нь үүнийг нотолдог" хэмээлээ.
Санхүү эдийн засгийн сургуулийн “Монголд орон сууцын үнэ нэмэгдэж байгаа хүчин зүйл” судалгаанд “Орон сууцны зээлийн хүүг бууруулах нь орон сууцны үнийг өсгөх эрсдэлтэй тул иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд зөвхөн зээлийн хүүг өөрчлөх бус илүү цогц бодлого хэрэгтэй байгааг харуулж байна” гэжээ.
Харин орон сууц худалдан авахаар зорьж буй залуус судалж үзэхэд хэтэрхий үнэтэй байсан тул бараг боломжгүй хэмээж байв.
Х.Батцэнгэл: Лаг лаг орон сууцууд бүгдээрээ л тэрбум давсан үнэтэй байна. Яг очоод сонирхъё гэхээр бүгд зарагдсан байх жишээтэй. Би ерөөсөө ойлгодгүй юм залуу хүмүүст байр авах боломж байхгүй л гэж харж байгаа
Э.Сүхбаатар: Орлого, зарлага хоёр тэнцвэртэй байж байж байранд орохгүй бол миний хувьд боломжгүй юм шиг санагдсан. Би Баянзүрх дүүрэг, 13-р хороолол орчмоор байр хайж үзсэн олдоц муутай мөн бэлэн төлөлтөөр хийх гэхлээр мөнгө багадаад болохгүй байгаа.
Нөгөө талд орон сууцны үнэ хэт өссөн нь иргэдийг залилангийн гэмт хэргийн хохирогч болгож байна. Энэ онд л гэхэд шүүхээс орон сууцны залилантай холбоотой 5 хэрэг шийдсэн бөгөөд 20 иргэн хохирогчоор тогтоогдсон байна.
Нэрээ нууцалсан иргэн А "Бид бэлэн худалдан авах чадвар байхгүй болхоор шинэ байр зээлээр авах төсөл хөтөлбөрт боломж хайж явж байгаад л залиланд өртчихөөд байгаа юм. М.кв нь хямдхан байсан л даа 3.5 саяаар бодоод хоёр өрөө байрны захиалга өгөөд залилуулсан" хэмээв.


2022 оноос 2026 оны 8-р сарын Unegui.mn түүвэр хүртэл 1 м² орон сууцны дундаж үнэ ойролцоогоор 108.6% өссөн байна. Энэ нь дунджаар 2.1 дахин өссөн гэсэн үг юм.
Сэтгэгдэл үлдээх