Бороо шивэрсэн намрын энэ өглөөг монголчуудын хэрэглээний гол шатахуун АИ92 түлш 200 төгрөгөөр нэмэгдэн 3040 төгрөг болсон гэнэтийн мэдээтэй угтав.
Гуравхан өдрийн өмнө “шатахууны хүндрэл шийдэглээ” хэмээн цахим сүлжээнээ бахархалтай нь аргагүй мэдээ нийтэлж байсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ удаа ямар тайлбар хэлэх нь харин сонин.
Шатахууны үнэ нэмэгдсэн өглөө зэрэгцэн гуравхан цагийн өмнө “ОХУ-с буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм” хэмээн өөрийн сэлфи зургаа нийтэлжээ.
Харин түүний яамнаас тодруулахад, долоодугаар сарын хил үнэ дунджаар 750 доллар байсан бол наймдугаар сар гарсаар тонн тутамд 851 доллар болж огцом өссөн хэмээж байна.
Биечлэн явж, гэрээ хэлэлцээр хийн шатахуун татаж ирсэн “баатар” болж байгаа салбарын сайд гуай энэ сар гарсаар цахим сүлжээндээ зөвхөн шатахууны импорттой холбоотой дор хаяж долоон удаа мэдээлэл оруулсан байна.
Гэтэл тэр дунд нэг ч удаа хил үнэ нэмэгдсэн тухай үг үсэг алга. Эртнээс нөхцөл байдлаа үнэн зөвөөр нь тодорхой мэдээлээд ирсэн бол нийлүүлэгч үнээ өсгөхөд импортлогч орон яах ч боломжгүй энгийн логик ойлгохгүй монгол хүн даанч байхгүй.
Хамгийн гол нь үхтлээ зүтгэж, бүхнээ шавхаад байгаа юм шиг дүрийн цаана иргэний амьдралд шууд нөлөөлөх гол мэдээллээ нууж, өглөөний мэнд гэж байгаа юм шиг л гэнэтийн цохилт өгсөн нь харамсалтай.
Яамнаас “ААН-үүд үнээ яагаад нэмж байгаа тухай урьдчилан мэдэгдэж мэдээлэл ирүүлэх үүрэгтэй. Гэхдээ яам болон монополын эсрэг төвд мэдэгдээгүй нэгэн зэрэг үнээ нэмсэн” хэмээн тайлбарлаж байхыг бодоход бурууг хувийн хэвшилдээ тохоод өнгөрөх бололтой.
Гал тогоогоо барьж, гардан гүйцэтгэж байгаа хэр нь явлаа, ирлээгийнхээ дундах ил тод байдлынхаа цоорхойн бурууг бусад руу чихэх муухай шүү Г.Дамдинням сайд аа!
Сэтгэгдэл үлдээх