Агт арааныхаа өвчин, улс орны нөхцөл байдал гээд олон зүйлд шаналж ядаж байгаа Ерөнхий сайд Н.Учралд шаналах шалтгаан нэгээр нэмэгдэж байх шиг байна. Ард түмний хамгийн дургүй хүнээр тодорч улс төрийн нэгдүгээр эгнээнээс жийгдсэн Л.Оюун-Эрдэнэ фракцынхантайгаа нийлчхээд хумсаа хуурайдаад сууж байгаа тухай хэн хүнгүй л ярьж, бичих болов. Бараг л “Эхнэрийн урхи” киноны Үнжэ шиг өшөө авалт зохион байгуулаад байгаа юм уу даа. Аргагүй дээ чааваас. Ахын үгэнд оролгүй эвэрээ ургасан гэж бодон мөргөж үзээд нугасаа таслуулсан хүн юм чинь.
Л.Оюун-Эрдэнэ яг юу хүсээд байгаа юм бол...
Засгийн газрыг огцруулах өнөөгийн улс төрийн акцыг зарим нэг сэтгүүлчдийн лайв хийнэ, мэдээллийг чинь цацна гэж сүрдүүлдэг шантаажтай ижил утгатай гэж ойлгож болно. Тэр сэтгүүлчид мөнгө өг өгөхгүй бол ингэнэ, тэгнэ гэдэг бол Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийн хуваарилалтаа таг тэнцүү биш юм аа гэхэд харьцаагаа ойртуул гэдэг л шантааж хийх байх. Засгийн газрыг унагах шахалтаа ч намар төсөв орж ирэх үе тааруулан хийнэ. Тэр үе угаас Засгийн газрын хамгийн хэцүү үе байдаг. Хамаг улс төр тухайн цаг хугацаанд хийгдэж халаасаа дүүргэх нь дүүргээд албан тушаал авах нь авдаг. Л.Оюун-Эрдэнэ энэ улс төрөө Ардчилсан намтай хамжиж хийнэ хэмээн гол усаар нэг ярьж байна. Амь нэгтэй байж чаддаггүй Ардчилсан намынхан аль газар л хоронд оролцож явах юм. Аль эсвэл Л.Оюун-Эрдэнэ хаврын чуулган завсарлахын өмнө О.Цогтгэрэлийн бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулсан үйл явдлыг ашиглан ард түмний толгойг эргүүлэх гэж тараасан цуу үг ч байж болох талтай. Ер нь тэдний хэнд ч итгэлтгүй. Хор хутгах ажлыг хамгийн гарамгай эзэмшсэн хүмүүс учир. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн тал Ардчилсан намынхантай нийлж байгаад Н.Учралыг шахалтад оруулаад Г.Занданшатарын Засгийн газрыг унагаад мань хүнийг утгаар нь шатарчин болгосон гэдгийг бас мартаж болохгүй. Эрх ашгийн шугам нэг цэг дээр огтлолцож байвал нийлж, салах бол тэдэнд сонин биш.
Нөгөө талд тэдний улс төртэй төргүй Н.Учралын Засгийн газар улсын нөхцөл байдлаас шалтгаалаад аль хэдий нь ганхаад эхэлчихсэн. Жаахан л түлхчихвэл хэзээ мөдгүй өнхрөөд өгөхөд бэлэн болчихсон. “Зуд болоход нохой зоолно” гэдэг шиг л Ардчилсан нам, Л.Оюун-Эрдэнэ нар зуд болохыг л хүлээж суугаа. Эрх баригч, сөрөг хүчин гээд хэнд нь ч иргэдийн амьдрал сонин биш байсаар ирсэн. Тэд зүгээр л бидний нэрийг барьж нэгнийгээ шантаажилж байдаг. Бид ч энэ үзэгдлийг юман чинээ бодохгүй хэнийх нь тал ялах бол гээд жүжгийн төгсгөлд алга ташихаа хүлээгээд суудаг “Зритель” шиг л болчхож дээ. Зовлондоо дасна гэдэг нь энэ юм болов уу даа чааваас.
Дотроо хэрүүлтэй ч айлын хэрүүлд ам нэмэгсэд...
4:11 гээд Ардчилсан намын мэдээллийн цагаар Засгийн газрыг огцруулах даргынх нь нэр дээрх бичиг юу болсон талаар сэтгүүлчид асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Ардчилсан намын 42 гишүүн бүгд гарын үсэг зурсан гэх мэдээлэл авсан” гэв. Тэгсэн мэдээллийн цагийн араас удалгүй УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Би зураагүй. Зурахгүй” гэж өөрийн фейсбүүктээ нийтэлсэн. Засгийн газрыг огцруулах тал дээр нэгдсэн нэг шийдэлд Ардчилсан намын бүлэг хүрээгүй гэдэг нь үүнээс харагдав. Г.Занданшатар УИХ-ын дарга байх үедээ чуулганы индэр дээрээс “П.зда чинь” гэж хэлсэн шиг Ч.Лодойсамбуугийн “пост”-ийг харсан Л.Оюун-Эрдэнэ яг тэгж хэлсэн байх. Таван жилийн Засаглалыг нь унагахад гол үүргийг гүйцэтгэсэн хүн шүү дээ. Өнөөдөр харин эсрэгээрээ Засгийн газрыг шантаажилж байгаад амь орох гэсэн Л.Оюун-Эрдэнийн үйлдэлд нь тээг болоод сууж байна. Энэ хоёр яг өмнө төрөлдөө үй зайгүй андууд байсан байх аа. Гэхдээ Ардчилсан намын мэдээллийг сонсоод Ч.Лодойсамбуугаас бусад нь ерөнхийдөө Засгийн газрыг огцруул гэсэн байр суурьтай байгаа юм байна гэж ойлгогдсон.
Ардчилсан нам гэж сүнс нь төөрчихсөн хүн шиг л яаж ч болдоггүй хэцүү нам байх юм. Хийж байгаа мэдээлэл, сөрж байгаа улс төр нь өөрөө хөдөлж, сайжрахгүй байж хоймрын орон дээр зурагтын удирдлага барьж хэвтчихээд л гоншигнож байдаг айл гэрийн ажилгүй нэг эр шиг л. МАН-д 30 жил дарлууллаа гэж тэдэнд тунина. Иргэдэд та нар биднийг сонгоогүй учраас ийм арчаагүй амьдарч байгаа юм гэж тунина. Тэгээд бас болоогүй ээ дотроо хэд хуваагдчихсан. Юм л бол хоорондоо зөрчилдөж хэдэн хэсэг хуваагдаад учраа олж өгдөггүй. Сүүлд гэхэд л Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сунгаан дээр энэ байдал нь харагдаж байх жишээтэй. Нэр дэвшиж байгаа гурван хүн нэгнийгээ сошиал орчинд нүүр нүдгүй, нүцгэн шалдангүй нүдэж гарах юм. Институт болж төлөвшөөгүй намын зовлон гэж. Уг нь галын эзэн байж гартаа тамга атгаагүй ч ядаж нэгдмэл нэг эрх ашгийн төлөө явж чадвал ард түмэн дэмжчих гээд л байгаа даа. Айлын хэрүүлд оролцож явахаар өөрийнхөө гэрийн асуудлыг цэгцэлбэл яадаг юм бол доо Ардчилсан намынхан минь. Сонгууль юу юугүй л гулгаад ороод ирнэ шүү.
Ингэвэл яадаг юм бол Ерөнхий сайд аа...
Хэрвээ Ардчилсан намын даргын гаргасан Засгийн газрыг огцруулах санал дэмжигдээд УИХ-ын чуулганаар орох юм бол санал яаж тоологдох талаар зарим сайтууд тооцоо гаргасан байна лээ. Ардчилсан намынхан нэгдсэн шийдвэрт хүрлээ гэж тооцвол тэдний 42 гишүүн дээр Л.Оюун-Эрдэнийн талаас ихдээ л 15 гишүүн нэмэгдэх байх. Тэгээд Засгаас жийгдсэн ИЗНН-ын Б.Батбаатар, Л.Оюун-Эрдэнийг дэмжээд байгаа М.Нарантуяа-Нараг нэмье. Нөгөө хоёр болох С.Замира, Р.Батболд нар нь хаашаа ч эргэж болохоор жаахан барьцгүй хүмүүс. Ер нь бол энэ нам ч гэсэн дотроо хоёр хуваагдчихаад хэцүүхэн л байгаа. Ингээд нэмэхээр 59 гишүүн болж байна. Хуульдаа Засгийн газрыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонх 50+1 буюу 64 гишүүн дэмжвэл огцорно гэсэн заалттай. Зарчмаараа явах юм бол авдрын ёроолоо ухсан ч хүрэхгүй л байгаад байгаа юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт улс төр эргүүлдэг муу арга байдаг нь олны уур хилэн, бухимдал дээр дөрөөлсөн жагсаал шүү дээ. Тэд энэ намар гурван ч том жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл гарсан. Ард түмнээр түрий барих юм бол Засгийн газрыг унагах үед зарим нэг популист гишүүд улс төрийн нөхцөл байдлаа харж байгаад урваж ч мэднэ. Н.Учрал ч ард түмний эсрэг тооцоолсон саналаа урдаа бариад суугаад байхгүй.
Тийм болохоор ингэвэл яадаг юм Ерөнхий сайд аа. Одоо байгаа 20 сайдынхаа тоог цөөлөөд, зарим нэг чиг үүргийг нь нэгтгэх боломжтой яамдаа нэгтгэж цөөлөөд үзвэл. Нэг сайд, нэг яамны ард асар их зардал төсвийн мөнгөнөөс урсаж байгаа. Одоо байгаа гурван шадар сайдаа хоёрыг нь буулгаад нэг шадар сайд болгочихвол, Боловсролын яамаа Хөдөлмөр нийгмийн яамтайгаа, Батлан хамгаалахаа Хууль зүйн яамтайгаа, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамаа Зам тээврийн яамтайгаа, Хот байгуулалтын яамаа Эрчим хүчний яамтайгаа, Цахим хөгжлийн яамаа Соёл, спортын яамтайгаа, Байгаль орчны яамаа Хүнс, хөдөө аж ахуйн яамтайгаа гэх мэтчилэн нэгтгээд 10 яамтай ажиллахад Монгол шиг хүн ам багатай улсад хангалттай биш үү. Хэрвээ ингээд ороод ирэх юм бол ямар ч улс төрийг даваад гарчих байлгүй. Ард түмний ганц хүсээд байгаа зүйл нь Г.Занданшатар байна уу, Н.Учрал байна уу хамаагүй төр данхар бүтцээ багасгаад, зардлаа тана л гээд байгаа шүү дээ. Үгүй бол “Өвөл болохоор хүйтэн болдог нь үнэн” гэдэг шиг дараагийн Л.Оюун-Эрдэнэ болж улс төрөөс ард түмний дэмжлэгтэйгээр явах өдөр чинь ирэх л байх даа Ерөнхий сайд минь.
Сэтгэгдэл үлдээх