Ерөнхийлөгч болгох дамжааны эхний даалгавар нь улсаа хорлох

Н.Саруулдөл
2026-08-17

Ойрын үед болж буй зүйлсийг анзаарах нь ээ, МАН-ын хагарал түр амсхийж байгаад дахиад л эхэлжээ. Засгийн газар, Н.Учрал унах талаар яригдаад эхэлж. Энэ сиймхийг ажигласан хүмүүс эхнээсээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болох ёстой гэж бичиж байна. Үүнийг иргэд таатай хүлээж авахгүй нь мэдээж. Энэ бол дараагийн Ерөнхий сайдыг Л.Оюун-Эрдэнээс л дээр байгаасай гэсэн бодол төрүүлэхийн тулд хийж буй тархи угаалт маягийн зүйл гээд хэлчхэд буруудахгүй. 

Амралтын өдрүүдэд болсон үйл явдлууд МАН дахь хагарлыг илтгээд зогсохгүй, С.Амарсайхан Х.Нямбаатар тэргүүтнүүд Н.Учралын Засгийн газрыг сорьж байгаа нь илхэн харагдлаа. 

 Эхлээд өрнөж буй үйл явдлыг дарааллаар нь тоймлох хэрэгтэй. 

1. Тэмцэгчид Хятад ажилчдад халдаж, доромжлов

Г.Солонго тэргүүтэй тэмцэгчид Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт давхиж очлоо. Тэнд Монголия файсон энержи ХХК хэмээх компанийн ажилчдын кэмп байрлаж байжээ. Тэднийг кэмпийн ойролцоо очих үед хятад ажилчид “ялаа мэт язганаж” байсанд тэдний уур хүрч, лайв хийсэн аж. Ажилчдыг буруутгаж байсан буруутгал нь нэгд, тэд хятад хүмүүс байсан. Хоёрт, тус компани зөвшөөрөлгүй газар кэмпээ байгуулсан байж гэнэ. Монголия файсон энержи ХХК бол Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул хийж байсан компани бөгөөд Засгийн газраас өгсөн зөвшөөрөлтэй ажиллаж байсан байна. 

Ийнхүү тэмцэгчид хятад ажилчдын байр луу зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн. Морин дээр ташуур барин өндөлзөх Г.Солонго тэр хөөрхий хятад ажилчныг ташуурдаад авах шахав. Энэ мэдээ манай улсад халуун сэдэв болоод зогсохгүй, урд хөршийн вичатаар түгсэн байна. Вичат дахь сэтгэгдлийг уншвал, манай иргэдийг доромжиллоо, хөгшин настай хүмүүсийг яаж байгаа юм бэ гэх мэтээр монголчуудыг үзэн ядав.

Ерөнхийд нь харвал, тэмцэгчид маш жижиг шалтгаанаар том асуудал үүсгэсэн. Том асуудал үүсгэхийн цаад зорилго нь Хятад, Монгол хоёрыг хагаралдуулах байжээ. Яагаад?

 Яагаад гэдэг нь дараагийн үйл явдлаар тайлагдана.  

2. Г.Дамдиннямын цөхрөл

Н.Учралын Засгийн газрыг унагах шалтаг бол бензин. Бид бензингүй хэд хоносон бэ, тэр хэрээр иргэдийн уур бухимдал төрнө. Иргэдийн уур бухимдал гэдэг бол Засгийн газар унахын цондон. Тэгвэл Н.Учралын талаас энэ асуудлыг шийдэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажиллаж байсан. Бензин түгээлтийг хэвийн болгохын тулд тэр л гүйж яваа.

Тэрээр энэ долоо хоногт Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-д ажлын айлчлал хийж газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, шатахуун тогтмол авах асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байжээ. Өөрөөр хэлбэл, хойноос авдаг бензин тасраад байгаа юм бол урдаас авъя гэж шийдэж. Гэвч Г.Солонго тэргүүтэй жагсагчдын хийсэн үйлдэл Г.Дамдиннямын ажилд гай болох нь ойлгомжтой болчихлоо. Төрийн сайд маань Хятадад очоод том том дарга нартай нь манай газрын тосны хайгуул боло олборлолтод хөрөнгө оруулаач, манайд бензин өгөөч гэж гуйх гэж байтал хэдэн “эх орончид” мөрөөрөө ажлаа хийж буй хятадуудыг хахаж хавчин дээрэлхэж өглөө. Г.Дамдинням одоо ямар нүүрээрээ Хятадаас энэ бүхнийг гуйх вэ. 

Г.Солонго нар яагаад хятад ажилчид руу дайрч, доромжилж байсны учир нь ийнхүү тайлагдаж байгаа юм. Улс төрчид жоомоо шатаах гээд байшингаа шатаах вий гэж хэлдэг. Яг л энэ үйл явдал одоо болж байна. Тэд үнэндээ байшингаа шатаачихлаа. Бид хойд хөршөөс бензиний хувьд хараат. Энэ хараат байдлыг багасгаж, багахан хувийг урд хөрш рүү шилжүүлэх геополитикийн нүүдэл гацах эрсдэлд оржээ. 

3. С.Амарсайхан эзэндээ үйлчлэв үү

Г.Солонго тэргүүтэй тэмцэгчдийн жагсаалаас хэн хожих вэ гэдэг нь хамгийн чухал асуулт. Зүгээр л хэдхэн өдөрт болж өнгөрсөн асуудал мэт боловч цаанаа Монгол Улс хэнээс хараат байх вэ, хараат байдлаасаа гарч чадах уу гэдэг асуултыг хөндөж байгаа юм. Уг нь хууль, журам нь тэгш үйлчилдэг улс байсан бол Г.Солонго нарыг ингэж дураар нь дургиулахгүй л байсан. 

Гэвч манай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үүнд оролцсон юм биш биз гэх асуулт гарна. Учир нь, Г.Солонго нарыг очсоноос хойш цагдаа маш удаж очсон бөгөөд очсон цагдаа нь хууль зөрчигчдөд шаардлага тавьж ч чадахгүй байсан. Үүгээр зогсохгүй тэднийг үйлдэл дээр нь баримтжуулж гэрчилсэн мөртлөө өчигдрөөс л шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарч эхэлсэн нь сайд нь оролцсон гэх нэг дэх хардлагыг төрүүлсэн.

Харин хоёр дахь хардлага нь С.Амарсайханыг Оросын талын хүн гэж ярьдаг. Тэр Орост элэгтэй гэсэн хууль, үйл явдал бүр дээр харагдаж, дэмжиж оролцдог нь ийм хардлага дагуулахад хүргэсэн билээ. 

4. Х.Нямбаатар эргэж ирсэн нь

Газрын тосны хайгуул, бензиний асуудал бужигнаж байх хооронд Х.Нямбаатар улс төрд эргэн орох нүх сүв хайсаар. Тэрээр саяхан бичлэг нийтэлж, эргэн ирж байгаагаа зарлалаа. Энэ талаар тэрээр “Хотын даргын алба хашиж байх үед, дараа нь ч шалгах үүрэг бүхий байгууллагууд бүгд нийслэлийн удирдлагын багийн хэрэгжүүлсэн ажлыг шалгасан. УИХ-аас ч ажлын хэсэг гарсан. Надад үүсгэсэн хэрэг огт байхгүй. Харин ч хууль, хяналтын байгууллагад асууж, тодруулах зүйл гарвал дуудсан цагт нь очиход бэлэн яваа шүү” гэжээ. 

Энэ бол зүгээр нэг давхцал биш бөгөөд хэн хэн нэг баг вэ гэдгийг илэрхийлж байна. Х.Нямбаатарын энэ мэдэгдэл бол иргэдийн анхаарлыг сарниулах сатааруулах үйл ажиллагаа байж болно. Түүнийг дараагийн Засгийн газарт сайд горилж яваа гэх бор шувуу Төрийн ордноор ниссэн. Тэр нь ч аргагүй юм, Х.Нямбаатар одоо ямар ч албан тушаалгүй байгаа юм. 

Үүнээс дүгнээд хэлэхэд, энэ үйл явдлаас Орос манай улсад шатахууны хараат байдлаа тогтоосон хэвээр үлдэж, С.Амарсайхан бензиний дутагдлаар улс төр хийж, Ерөнхий сайдад зүтгэж байгаа юм биш үү гэх дүгнэлт гарна. Давхар хожил гэсэн үг.

Хэрэв уншигчид анзаарсан бол саяхан нэгэн сэтгүүлч С.Амарсайханаас “Та Ерөнхийлөгчид нэр дэвших үү” гэж асуухад тэрээр жуумалзангаа “Тийм юм байхгүй” гэж хариулжээ. Жуумалзангаа шүү. МАН-аас Ерөнхийлөгч болохоор зэхэж байгаа хүмүүс эхлээд Ерөнхий сайдын суудалд заларч, сонгуулийн мөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Тэгэхээр С.Амарсайхан шалтаг гаргаж, Н.Учралын Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайд болно. Дараа нь мөнгө босгож аваад Ерөнхийлөгчид үзнэ. Байж болох л таамаг. 

Гэвч түүний хувьд Ерөнхийлөгч болох дамжааны эхний даалгавар нь улсаа хорлох болчхоод байгаа нь харамсалтай. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг. Тэгвэл тэр ийнхүү бага багаар хорлосоор улсаа худалдах вий дээ. 



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe