Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо

Ц.Чимэдцэеэ
2024-04-08

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа.

Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 1.1 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авлаа.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Газраа чөлөөлж өгсөн айлууд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас арван жил хохирсон. Сүүлийн 4-6 жилийн хугацаанд тухайн өрхүүдийг НОСК-ийн түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулж, хохирлыг барагдуулахаар ажилласан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан. Уг 1.1 га талбайг НОСК-ийн мэдэлд шилжүүлж, цаашлаад 116 айлын газрыг чөлөөлөн, нийт 9.3 га талбайд нэгдсэн төлөвлөлт бүхий хороолол, хотхоныг байгуулахаар ажиллаж байна хэмээв.

Мөн түлхүүрээ гардан авсан иргэд сэтгэгдлээ хуваалцлаа. 

н.Цөмбаяр:

-Манайх анх 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон. Энэ хугацаанд хүүхдүүдийн сургууль, томчуудын ажил солигдох, холоос хичээл, ажилдаа явах зэрэг олон асуудал гарсан. Айлын хашаанд, энд тэнд амьдрах хэцүү л байлаа. 2019 онд НОСК-ийн түр суурьшуулах байранд орсон. Өдийг хүртэл олон жил хүлээсний эцэст өнөөдөр өөрийн гэсэн сайхан байранд орлоо. Нийслэлийн удирдлагуудад, энэ байранд орох хүртэлх үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

Л.Банди:

-Дахин төлөвлөлтийн байрандаа орох гэж арваад жил уйгагүй хөөцөлдсөн. Өглөө бүр “Жи Ди” ХХК руу явдаг байлаа. Сүүлийн зургаан жил НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарсан. Бидний асуудлыг ийнхүү шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна.

У.Ерэнбаатар:

-Анх манай газар дахин төлөвлөлтөд ороход би 11 дүгээр ангийн сурагч байсан. Одоо тэгтэл би их сургуулиа төгсөөд зургаан жил болчихсон байна. Арван жилийн хугацаанд ам бүл нэмэгдэж, орон байрны асуудал их л гарсан. Сүүлийн хэдэн жилд нийслэлээс түр оршин суух байранд оруулсан нь бас их дэмтэй байсан. Ийм удаан хугацаанд хүлээсний эцэст өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч, сэтгэгдэл их сайхан байна. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe