Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль цахилгааны хэрэглэгээ нарны эрчим хүчээр хангаж эхэллээ

.Graph
2026-08-17

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуульд  40 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон системийг суурилууллаа. Ингэснээр 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгааны хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангадаг тус дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна.

Төслийг Австралийн Элчин сайдын яам, Чингэлтэй дүүрэг, “Азийн сан”, “Зориг сан”-гийн дэмжлэгтэйгээр “Энх Орчлон Хөгжил” ТББ, “Women Leadership” хөтөлбөрийн оролцогчид "Prime Solar" компанитай хамтран хэрэгжүүллээ.

Ерөнхий боловсролын 61-р сургууль нь 974 гаруй сурагчтай бөгөөд өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд л гэхэд 13–15 сая төгрөг зарцуулдаг байжээ. Харин тус төсөл хэрэгжсэнээр жилд 64.8 Мвт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, сард 1,4 сая жилд 17,7 сая төгрөгийн хэмнэлт үүсэх юм. Мөн жилд 21 тонн СО2 хийн ялгарлыг бууруулах аж. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Бид өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийг нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлсэн бол энэ жил 61 дүгээр сургуулийг тус системд холболоо. Энэхүү төсөл нь Засгийн газраас дэвшүүлж буй “Ногоон сургууль” бодлогын хүрээнд хэрэгжиж буй сайн жишиг, бодит кейс болж, цаашид бусад сургуулийг ч сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх эхлэл тавигдаж байна гэж харж байна” гэв.

“Нартай сургууль” төслийг санаачлагч Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл. Систем нь эхний дөрвөн жилд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, дараагийн 20 жилийн хугацаанд хэмнэлт бий болгох боломжтой” гэлээ.

Австрали Улсын Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур “Австралийн Засгийн газар, Австралийн Элчин сайдын яамны зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой. Энэхүү төсөл нь манай хоёр улсын хамтын ажиллагааны тусламжийн хөтөлбөрийн нэг хэсэг болж хэрэгжиж байна. Хэрэв төсөл үр дүнтэй хэрэгжвэл цаашид цар хүрээг нь өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой” хэмээв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe