Сүнсгүй нам

Б.Энхтулга
2026-08-17

1990 оны эхээр төрсөн бидний үеийнхэнд Ардчиллын амин сүнс нь Хонх хамтлагийн “Хонхны дуу” дуунд зориг орж, итгэл үнэмшлээ С.Зоригтой хамт өргөж талбайг дүүргэсэн олон зуун залуус болж харагддаг байв. Оролцож явахад хэтэрхий балчир байсан мань мэтэд бол харах өнцөг нь л тэр байсан юм. Мэдэрч өссөн олон зүйл ч бас бий. Хэдийгээр биднийг ухаан орж эхлэх үед С.Зориг хорвоод байхгүй болсон байсан ч тэр Ардчиллын амин сүнс болон мөнхөрсөн байлаа...

Үе үе Ардчилал сэргэнэ ээ. Нохойн дуу ойртож байна гэдэг шиг нэг лидер гарч ирж Ардчиллаар овоглосон Ардчилсан намын сүнсийг нь хальт сэрээнэ. Гэхдээ эцэстээ үнэт зүйлээ худалдаж, үзэл бодлоо гээгээд дуусдаг. Энэ намд урт хугацааны лидер анх байгуулагдсан цагаас нь хойш нэг ч байсангүй. Бүгд л улс эх орноосоо урвасан, албан тушаалаа ашигласан болоод Америк зугтах нь зугтаад арай гэж улсдаа амь торгоох нь торгоогоод сууж байна. Ер нь Ардчилсан намд урт хугацааны сэргэлт гэж байсангүй. Сүнс сүлд нь төөрчихсөн гэдэг шиг л ердөө болж өгдөггүй. Үүнийгээ тэд төрийн эрхэнд цөөн гарсан учраас гэж тайлбарладаг. Ах нам нь дарамтлаад байдаг юм байх өө. Хөөрхөн байх дуртай мөртөө хөөрхөн хүмүүсийг үзэн яддаг, баян байхыг хүсдэг мөртөө баяжсан хүмүүст дургүй муулж суудаг хүмүүс шиг бусдад буруу чихсээр Монгол Улс Төв Азийн анхны Ардчилсан улс болох үед төрөөгүй байсан би хэдий нь 34 нас хүрчээ. Итгэл өгсөн тэд эвдсэн. Энэ хугацаанд монголчууд Ардчилсан намыг УИХ-д нэг удаа олонх болгож, хоёр Ардчилсан Ерөнхийлөгчийг төрийн тэргүүнд залсан байдаг. Олсон дэвшил, авсан сургамж хоёр нь яг таг тэнцүү он жилүүд өнгөрч. Ингэж хэлэхээр Ардчилсан намын үед олон төслүүд хөдөлж эдийн засаг байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэж Ардчилсан намын гишүүд дотроо бодох байх. Гэхдээ та бүгд энэ намд өдий олон жил явахдаа хүмүүсийн үзэл санаанд нөлөөлөх юу хийсэн бэ, юуг өөрчилсөн бэ гэдгийг бодож үзээрэй.

Хоёр удаагийн Ерөнхийлөгч, УИХ-д нэг удаа олонх болсон үеийг бүгд л мэдэх учраас энд нуршиж бичээд яах вэ. Тухайн үедээ Ардчилсан нам сүнстэй, нар ээхэд сүүдэр нь тусдаг байв. Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэх хоёр хүнийг янз янзаар ярьж, бичдэг ч цоохор дээл өмсөж, эх орноо бодож сэрсэн хоёр өөр өөрсдийнхөө цаг хугацаанд намдаа үүргээ биелүүлсэн хүмүүс. Олон нийтийг Ардчилалд уриалж чадсан лидерүүд байсан гэж боддог хүмүүс цөөнгүй байх аа. Ямар ч байсан одоогийн Ардчилсан нам шиг ямар ч лидергүй өлбөгөр байгаагүй юм даг. Х.Баттулгыг орон нутагт уулзалтаар явах үед заал дүүрэн хүмүүс уухайлж угтдаг, Ц.Элбэгдоржийг үг хэлэхэд хүн болгоны гар алга хавсардаг байв. Энэ хоёр хүний хийсэн нүгэл, тарьсан балаг нь тусдаа. Энд ямар хэмжээний лидер байсан бэ гэдгийг л сануулсан төдий шүү. Өнөө цагийн Ардчилсан намд тийм хэмжээний лидер дутагдаж байна. Дарга нь хэд солигдсон ч туг бариад явахад зохих хэмжээний биш. Тугал хариулаад явахад ч зохихгүй нэг тийм дундуур нь л туучсаар. О.Цогтгэрэл гэж хүн бизнес талдаа сийрэг байж болох ч удирдлагын түвшинд учраа олж өгөхгүй л явна. Намдаа л нэр устай болохоос биш нам, увс хоёроос гараад явах юм бол түүнийг хэн ч танихгүй. Үндэсний хэмжээний хүн биш ээ гэсэн үг. Гэтэл нөгөө талд нь У.Хүрэлсүх гэж О.Цогтгэрэлтэй харьцуулахын аргагүй үндэсний хэмжээний улс төрч ирэх сонгуульд намаа удирдаж орох гээд бэлдсээр. О.Цогтгэрэл, У.Хүрэлсүх хоёр гуйлгачин болоод гудамд гуйлга гуйгаад сууж байвал арай итгэл үнэмшилтэй нь гээд У.Хүрэлсүхэд л хэдэн төгрөг шидчихээд явах байх. Сонгууль яг үүнтэй ижил лидер нь хэн юм бэ гэдгийг харж байж л олонх тийш зүглэдэг. Угаас хүн төрөлхтөн эрт үеэс сүрэглэн амьдарч тэр дундаас бусдынхаа ачааг үүрч явах чадалтай, удирдаж чиглүүлэх ухаантай нэгийгээ дагаж амьдарсаар ирсэн. О.Цогтгэрэлийг өөрийн сүрэг нь бол дагачхаад байгаа. Дуртай нь дурлаж, дургүй нь олонхоо дагаж. Харин тэр хаашаа явахаа мэдэхгүй гайхаад л байгаа болохоос биш. Эсвэл анхнаасаа сүрэг нь түүнийг лидер гэж андуурсан байх. Гэхдээ тэр сүрэг хаашаа ч явсан сохроор дагаж чадах сүрэг. Түүний цаана хэнийг дагахаа мэдэхгүй, дагасан нэгнээсээ залхсан илүү их сүрэг бий гэдгийг санаарай.

Үүнийг уншиж байгаа та Ардчилсан намын одоо цагийн лидер яг хэн юм бэ гэдэг асуултад хариулах гээд нэг үзээрэй. Таны толгойд нэг нэр тас гээд орж ирэхгүй. Олон тооны нэр дунд сонголт чинь эргэлдэж байгаа гэдэг дээр мөрийцсөн ч алзахгүй. Харин МАН-ын лидер хэн юм бэ гэх асуултад эргэлзээгүй У.Хүрэлсүх гэж 90 хувь нь хариулна.

Үндсэн санаа нь Ардчилсан нам одоогийн байгаа шигээ ирэх хоёр сонгуульд оролцох юм бол алинд нь ч ялж чадахгүй гэх. Том, жижиггүй шинэчлэл хийгээд байгаа ч нам чинь шинэчлэл хийгдээгүй гэдгийг саяын болж өнгөрдөг АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль тодорхой харуулсан шүү. Социалист намын удирдлагаас залхсан сүрэг та нарыг дагахад бэлэн байна. Сүнсээ ол Ардчилсан намынхаан.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe