С.Ариун-Эрдэнэ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнөөдөр АТГ-аас дуудан мэдүүлэг авчээ. Яг ямар хэрэг дээр мэдүүлэг авсан талаар АТГ-аас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тэрбээр,
Ерөнхийлөгч байх хугацаанд сүүлийн хоёр жил нь АТГ тодорхой асуудлуудаар асууж, тодруулж ажиллаж байсан. Мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд буусны дараа ч таван жил шалгасан. Ингээд долоон жил шалгалт хийсний эцэст хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэхчлэн хэргийг хүчингүй болгосон байдаг. Удалгүй хилийн хориг тавьсан ч тус шийдвэрийг хүчингүй болгож, олон улсын үйл ажиллагаа болон хувийн ажлаа хийхээр явж болно гэсэн.
Олон нийт намайг ямар нэг хэрэг үйлдээд гарж явчхаад одоо буцаж ирж байна л гэж ойлгодог. Хангалттай долоон жил шалгасан. Төрийн өндөр албан тушаалд байсан улсуудтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага асуух шалгах тийм зүйлүүд нээлттэй байх ёстой гэж хувьдаа боддог.2023 оны есдүгээр сард Stanford-ийн их сургуульд ажиллахаар уригдаж явсан бөгөөд одоогоор би 10 гаруй олон улсын байгууллагад ажиллаж байна.
Өнөөдөр эхэлж байгаа “КОП 17” хуралд хамтарч ажилдаг гурван байгууллагын төлөөлөл ирсэн байна. 2024 онд мөн улс төр хийх гэж шүүхэд зохиомол хэрэг явуулж намайг интерполд өгсөн байсан. Тус байгууллага хэргийг шалгаад улс төрийн шалтгаантай гэж үзсэн тул Монгол Улсын Засгийн газраас хууль сахиулах байгууллагад өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Шүүх талаасаа ч олон улсын талаасаа ч юм байгаагүй. Олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг бол би. Хаана, юу хийж явж буйгаа үргэлж хэлж явдаг. “КОП 17” хурлаас урилга ирүүлсэн учир ирсэн байна. АТГ-ээс та нэг ирээч гэсэн тул эхлээд АТГ орж асуух зүйлд нь хариулъя гэсэн зорилготой л ирлээ.
Сэтгэгдэл үлдээх