С.Ариун-Эрдэнэ
34 настай Ш-ийг 2011 онд 19 настай СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байхад ангийнх нь 7 эрэгтэй нийлж хүчиндсэн гэх хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.
Энэ талаар хохирогч Ш тухайн жилийн шинэ жилийн баяраар ангийнх нь хөвгүүд уух зүйлд нь нэг төрлийн ухаан балартуулах эм, бэлдмэл хийн бүлэглэж гэмт хэрэг хийсэн хэмээн энэ оны эхнээс цахим сүлжээнд удаа дараа мэдээлсэн.
Хэргийг 2020 оноос хойш дөрвөн ч удаа цагдаагийн байгууллагаас хэрэг хуучирсан гэх үндэслэлээр хааж байжээ.
Тэгвэл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 27-нд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийy тойргийн шүүхэд товложээ.
Шүүхээс тодруулахад, тухайн үйл явдал одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль батлагдахаас өмнө болсон тул хуучин хуулийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байсан. Энэ хэрэг өөрөө хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгөх боломжгүй хэмээж байлаа.
2002 онд баталсан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд хүчиндэх гэмт хэргийг заасан ба 126.2.6 дахь хэсэгт “бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зохицуулжээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн мэдээлснээр яллагдагчдаар татагдсан дөрвөн хүнээс гурвынх хэрэг шүүхийн шатанд шилжсэн. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, “Дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдсэнээс нэгийг нь тусгаарлан шалгаж байгаа” гэв.
Хуульд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчдын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Харин гэм буруугийн хуралд орох процессын шаардлагыг хангасан эсэх, өмгөөлөгчдөөс мөрдөн байцаалтад буцаах хүсэлт байгаа эсэх тухай юм.
Сэтгэгдэл үлдээх