Шүүх засаглал улс төрд нөлөө бүхий цөөнхөөс хараат байдаг талаар Монгол Улсын Ерөнхий сайд ил гарах бүртээ яриандаа цухуйлгах болсон. Монгол Улсын засаглалын тулгын гурван чулууны нэг болох шүүх эрх мэдэл ийнхүү сэрдэгдэх үндэслэл, нөхцөл байгаа эсэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Академич Ж.Амарсанаатай ярилцлаа.
Шүүх цэвэр, зуун хувь улс төрөөс ангид байна гэж байхгүй, учир нь...
-Шүүгч хараат бус ажиллах ёстой талаар Монгол Улсын “шинэ” гэж нэрлэгддэг 1992 онд баталсан Үндсэн хуулинд тусгасан байна. Гэхдээ шүүх хараат бус ажиллана гэдэг заалт өмнөх Үндсэн хуулиудад ч байсан юм билээ. Яг хэзээнээс энэ ойлголт хэзээнээс гарч ирэв?
-Шүүгчийн хараат бус байдал гэдэг гэнэтхэн бий болчихсон зүйл биш. 1924 оны анхдугаар Үндсэн хуульд шүүхийг Улсын Их хурлаас байгуулах тухай заалт орсон. Тэнд шүүхийн байгууллага байна гэсэн заалт орсон ч шүүхийн тухай тусгай бүлэг байгаагүй.
Дараа нь 1940 оны Үндсэн хуульд шүүхийн тухай тусгай заалтууд орсон. Шүүхийг УИХ-аас байгуулж, дээд шүүхийн Ерөнхий шүүгч буюу тэр үеийн дээд шүүхийн даргыг УИХ чөлөөлж байхад, Улсын Бага Хурал сонгоно. Аймаг, хотын буюу орон нутгийн шүүхийн шүүгчдийг аймаг, орон нутгийн хурал сонгоно гэсэн байдаг. Энэ тухайн социалист ардчиллын үедээ дэвшилттэй зүйл. Харин одоогийнхтой харьцуулахад бол УИХ-аас хэтэрхий хамааралтай. Улс төрч, орон нутгийн байгууллагаас дээд шүүхийн даргыг сонгоно гэдэг бол тэд нарын нөлөөнд автах буюу хараат бус байхад сайн зүйл биш. 1940 оны Үндсэн хуулийн нэг онцлог бол шүүгч хараат бус ажиллах, зөвхөн хуульд захирагдах тухай заалт орсон.
Үргэлжлүүлээд 1960 оны Үндсэн хуульд мөн ийм заалт орсон. Шүүгч хараат бус байна, бие дааж ажиллана, зөвхөн хуульд захирагдана гэж оруулсан.
Ингээд 1992 оны Үндсэн хуульд шүүгч хараат бус байх, шүүх бие даасан байх тухай заалт орсон. Манай улсын нэгдэн орсон гэрээ, мөрдөх ёстой олон улсын эрх зүйн хэм хэмжээг ажиглахад бол шүүхийн хараат бус байдал гэх нэр томьёо их явдаг.
-Таны хувьд Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан. Мөн шүүх тогтолцоо, бие даасан байдал, хөгжлийн асуудалд анхаарч ирсэн хүн. Таны бодлоор манай улсын одоогийн нөхцөл байдалд хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу?
-Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал гэж хоёр өөр агуулгатай зүйл. Шүүхийн бие даасан байдал гэдэг бол шүүх төсвөө боловсруулах, батлуулах, шүүгчийг сонгож олох, бие даасан асуудал, сахилга хариуцлагын асуудал гээд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй уялдсан шүүх өөрөө байгууллагын хувьд бие дааж ажиллах нөхцөл.
Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь тухайн албан тушаалтан, ухаандаа манайд 520 гаруй шүүгч байна. Энэ хүмүүсийн тухай л ярьж байгаа юм. Тодорхой бие хүний тухай. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн шүүгч бол төрийн тусгай албан хаагч төрийн албаны хуулийг биелүүлнэ. Үүний зэрэгцээгээр маш олон хуулийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх, хэрэгжүүлэх, хэрэглэх эрх мэдэлтэй, үүрэгтэй.
Тухайлбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх бие даасан байж, шүүгч хараат бусаар ажиллах ёстой. Шүүгчийн хараат бус байдал бол бусдаас хараат бус байдлаар ажиллахыг хэлж байгаа юм. Хараат бус байдал олон талтай.
Улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, оюун санааны гэсэн хараат бус байдал байдаг гэж манай хуульч, эрдэмтэд, шүүгчид бичиж, ярьж байна. Улс төрийн хараат бус байдал гэдэг нь улс төрөөс ангид байх. Улс төрчид, улс төрийн албан тушаалтнуудаас ангид байх асуудал. Манайх тэр бүр одоохондоо ангид байж чадахгүй байна. Ер нь цэвэр, зуун хувь улс төрөөс ангид байна гэж байхгүй. Яагаад гэвэл улс төрийн бүтэц болох Парламент шүүхийн хуулийг баталдаг. Шүүхийн хууль батлагдсанаар шүүгч ямар эрх, үүрэгтэй байх вэ гэдгийг тогтоож өгдөг учраас улс төрөөс хамааралтай гэж хэлнэ.
АТГ-т учиргүй авлига аваад гардуулчихсан шүүгч байхгүй
Улсуудын Үндсэн хуулиуд өөр өөр чиглэлтэй. Улс төр дээдэлсэн Үндсэн хуультай улс байна, шашныг дээдэлсэн Үндсэн хуультай улс байна. Манайх бол эрх зүйг дээдэлсэн Үндсэн хуультай улс. Энэ утгаараа Үндсэн хуулийн заалт зөв гарах ёстой. Үндсэн хууль зөв байж, цаашаа шүүх зөв болох ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийг зөвхөн батлаад орхих биш, Үндсэн хуулийг зөв хэрэгжүүлэх шаардлагатай.
Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдалд юуны өмнө цалин хангамж хэрэгтэй. Нийгмийн даатгал, аюулгүй байдал, олон асуудал орно. Үүнийг хангах, дэмжих утгаар биш, шүүгчийн өөрийн хариуцлагатай холбоотой байна. Ухаандаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу шүүгч болон түүний гэр бүлийн гишүүд ашиг сонирхлын зөрчилд автагдахгүй байх.
Манайх чинь хагас нүүдэлчдийн орон. Бас их сонин юм байна л даа. Хамаатан садан, нэг орцных, нэг сургуулийнх, нэг багийнх гээд цөөн хүн амтай учраас ийм нөлөө бас байдаг. Үүнээс аль болох ангижрах шаардлагатай.
Ялангуяа авлигаас чөлөөтэй байх. Иргэд энэ хүн миний эсрэг шийдвэр гаргачихлаа, авлига авчихлаа гэж хардаж эхэлдэг. Тэгэхээр ялагдсан талын гомдол их Авлигатай тэмцэх газарт очиж байна. Үүнээс үзэхэд Авлигатай тэмцэх газарт учиргүй авлига аваад гардуулчихсан шүүгч харагдахгүй байна. Барьж байгаад, сүүлд нь биш болсон, гүтгэгдсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон ийм нөхцөл байдлууд харагдаад байна. Тэгэхээр авлигатай тэмцэх асуудал бол зөвхөн шүүгчийн асуудал биш. Шүүхийн захиргааны байгууллагын асуудал бас хамт орж байгаа юм. Энэ бол ангид л байх асуудал.
-АТГ дээр учиргүй авлига аваад тэр нь нотлогдсон шүүгч байхгүй гэж хэлсэн ч шүүгчийг нөлөөллөөс ангид байгаа гэдэгт та итгэхгүй байна. Яагаад вэ?
-“Нөлөөллийн мэдүүлэг”, нөлөөллийн мэдүүлэг өгөх талаар сүүлийн хоёр, гурван шүүхтэй холбоотой хууль дээр гарч ирсэн. Энэ бол маш чухал заалт. 2022 оны шүүхийн тайланг үзэхэд нөлөөллийн мэдүүлгийг 25 шүүгч өгсөн байна билээ. Зарим нь зөрчлийн хэрэг үүсгэсэн, зарим нь хэрэгсэхгүй болгосон. Хүн ам цөөн, биесээ танидаг хүмүүс бол ялангуяа бизнесмэн, улс төрчдийн нөлөөлөл асар их байх шиг байна. Зүгээр дугаар хорооны иргэн малаа алдлаа гээд учиргүй нөлөөлөөд, шил юм өвөртлөөд явах нь хаашаа ч юм.
Өөр нэг асуудал бол нийгмийн талаасаа хараат бус байх. Энэ бол эрүүл мэндийн даатгал, амь насны даатгалыг төр хариуцаад өгч байна. Тэтгэвэр, тэтгэмж өгч байна. Энэ бол маш чухал зүйл.
Дараагийн хараат бус байдлын нэг илрэл бол шүүгч оюун санааны хувьд хараат бус байх ёстой. Энэ шилжилтийн, эгзэгтэй, амьдрал сайнгүй байгаа нөхцөлд цалинг нь хэчнээн нэмээд ч өөрөө сэтгэл зүйн хувьд, сэтгэлийн хувьд, ёс зүйн хувьд, ёс суртахууны хувьд, ажлын ур чадварын хувьд, мэдлэгийн хувьд бие даахгүй бол юу ч өгөөд, яаж ч хамгаалаад ч ямар ч бие хамгаалах зэвсэг өгөөд, ямар ч харуул хамгаалалт дагаж яваад нэмэр болохгүй.
Шүүгчийн хараат бус байдлын гол цөм нь оюун санааны хараат бус байдал
-Оюун санаагаараа хараат бус байна гэдгийг тайлбарлавал?
-Хамгийн гол нь бие, сэтгэлээрээ хараат бус байх ёстой. Шүүгчийн хараат бус байдлын гол цөм нь оюун санааны хараат бус байдал. Оюун санааны хувьд хараат бус байх гэдэг бол зөвхөн гоо зүй, гоо сайхны асуудал биш. Эрх зүйн мэдлэг, эрх зүйн боловсрол, эрх зүйн соёл өндөр байх ёстой. Шүүгч хараат бус байна гэж 1940, 1960, 1992 оны Үндсэн хуульд орсон.
Оюун санааны хувьд хараат бус байна гэдэг нь зөвхөн хуульд захирагдана. Тэгэхээр ямар хуульд захирагдаж байгаагаа мэдэх ёстой. Энэ бол шүүгчийн дээд боловсролоос гадна хуулийн мэдлэг, эрх зүйн соёл, ухамсартай их холбоотой юм. Энэ бол энгийн ухамсар биш, мэргэжлийн ухамсар гэж ойлгогддог зүйл. Тэгэхээр эрх зүйн соёл гэдэг бол хуулийг зөв ойлгоод, зөв хэрэглэдэг байх ёстой.
Шүүгч өөрийн мэргэшсэн чиглэлээрээ Зөрчлийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна Иргэний хуультай холбоотой Үнэт цаасны хууль, аж ахуй нэгжтэй холбоотой, татвартай холбоотой хуулиудыг гүн гүнзгий мэдэж байж, оюун санаа нь төлөвшиж байж, сая хараат бус байж чадна л даа.
Түүнээс би сэтгэцийн хувьд гайгүй, намайг эмч зүгээр гэсэн сэтгэл зүйн хувьд давгүй гээд байвал энэ бол асуудал биш. Хуульдаа захирагдахын тулд хуулиа мэддэг байх ёстой. Энэ бол шүүгчийн их том асуудал.
-Шүүгч хараат бус байдлаа өөрөө хангаж болж байна. Тэгвэл шүүх байгууллагын хувьд бие дааасан байдлаа хангах тал дээр ШЕЗ ажлаа хийж чадаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
-Хоёр жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнд юу орсон гэвэл шүүгчийн хараат бус байдлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл жил бүр танилцуулга гаргаж, Улсын Дээд шүүхэд мэдээлнэ гэж байгаа юм. Тайлан тавина гэсэн үг биш. Яагаад гэвэл шүүх бол бие даасан байгууллага. Шүүхийн ерөнхий зөвлөл бол Улсын дээд шүүх болон бусад шүүхийг хараат бус ажиллах, бие дааж ажиллахад дэмжлэг үзүүлэх арын алба нь.
Тэгэхээр шүүгчдийг хараат бус байлгахад, шүүхийн бие даасан байдлыг хангахад Шүүхийн ерөнхий зөвлөл юу хийсэн гэдгээ жил бүр УДШ-д мэдээлж байх, тайлан гэсэн нэртэй зүйлийг танилцуулга гэдэг хэлбэрээр мэдээлэх юм. Энэ жилийн практикийг харахад, бичгээр явуулсан байна билээ. Энэ бол болох л зүйл л дээ. Үүнийг нь дээд шүүх аваад, учиргүй дүгнээд, хариу өгөөд байх юм байхгүй. Зүгээр та нарыг хөгжүүлэх, дэмжихийн тулд, хараат бус, бие даасан байдлыг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл бид ингэж ажиллаж байна аа гэдгээ мэдээлэх л юм. Дээд шүүх бол зөвлөмж өгөхийг үгүйсгэхгүй л дээ.
Хуулийн сургуулиуд хэт олширсон. Тэднийг чанаржуулах шаардлагатай байна.
-Та шүүгчийн хараат бус байдлыг оюун санааны, улс төрийн зэргээр ангилан хэлж байсан. Тэгвэл манай улсын яг одоогийн нөхцөлд шүүгчийн хараат бус байдал хэр хангагдсан гэж харж байна?
-Шүүгч гэдэг бол хүн. Хувь хүн, бие хүн, иргэн. Олон өнцгөөс харвал олон утгаар тайлбарлаж болно. Гэхдээ монголын амьдрал дээр ургасан, монголын амьдралаас төрсөн, монголын амьдралын дунд хөвж, живж, хөөрч яваа хүн л дээ. Тэгэхээр монголын нийгэм ямар байна, хүний тусгал тийм л байна. Ухаандаа өнөөдөр сайн боловсролтой шүүгчийг бэлдэхийн тулд дээд сургуулийн боловсрол сайн байх ёстой. Их сургуулийн боловсрол. Манайд өнөөдөр хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн, хувьсгалын 18 их дээд сургууль байна.
Ухаандаа малын тоог цөөлье, чанаржуулъя гэдэг шиг их сургууль чанартай байх ёстой. Их сургууль гэж гуравхан юмыг хэлдэг. Оюутан байна, номын сан байна, багш байна. Тэгэхээр оюутан мэрийлттэй байх ёстой. Багш хүн өөрөө заах ур чадвартай, мэдлэгтэй байх ёстой. Номын сан буюу номтой байх ёстой. Номын сан гэдэг бол сургуулийн байшин дотор байгаа номыг хэлээгүй л дээ. Номыг их олноор хэвлэж гаргах.
-Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэл рүү дайрахаас илүү боловсролын системд анхаарах ёстой гэсэн үг үү?
-Тийм ээ. Манайд гаднын сангууд хуульчдад зориулсан, шүүгчдэд зориулсан ном их хэвлэж байна. Багш нар ном их бичих, ном бол их чухал зүйл л дээ. Яг үнэндээ шүүмжлэлтэй хандахад их дээд сургууль, хууль зүйн сургуулиуд бол оюутнуудын төлбөрийг авчхаад номд зориулах биш, өөр аар саар, оюутны биш юманд зарцуулж байна.
Их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутны төлбөрийн хэдэн хувийг заавал ном авсан байх ёстой ч гэдэг юм уу. Тийм журам гаргаж болно шүү дээ. Заавал хуульчлаад байх юм байхгүй. Энэ бол боловсролын сайдын хийж болох ажил. Хууль зүйн сургууль бол хэт олширсон. Зарим нь цөөрч байна, зарим нь нэгдэж байна. Энэ бол зүй тогтолтой үзэгдэл.
Тэгэхээр түрүүний шаардлагыг хангахын тулд, хуульчийн бие даасан байдлыг хангахын тулд хүүхдийг бүр эхнээс нь, эхийн хэвлийд байхаас нь эхлэн хүмүүжүүлнэ гэдэг шиг хуульчдыг оюутан байхаас нь эхэлж, дунд сургуульд ч гэсэн эрх зүйн мэдлэг олгож болно л доо.
Хууль хэрэглэнэ гэдэг бол албан тушаалтан бүрд байдаггүй. Зөвхөн шүүгчид байдаг зүйл
Шүүгчийнхээ ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх. Насан туршийн боловсрол гэдэг бол дээд боловсрол эзэмшчихээд дараа нь шүүгчээр ажиллахдаа байнга суралцаж байх. Тийм ч учраас Хуульчдын холбооны кредитийн болзлыг хангасан хүнийг шүүгчээр ажиллуулдаг. Насан туршийн буюу тасралтгүй сургалт гэдгийг шүүхийн байгууллага дотоод сургалтаараа нэлээд сайн явуулж байна.
Үүнд Ханнс Зайделын сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Соорсын сан, Нээлттэй нийгэм форум, Азийн сан зэрэг байгууллагууд нэлээн тусалж байна. Сургагч багшийг нь бэлдэж өгч байна. Энэ бол том дэмжлэг.
Оюун санааны хувьд бие даана гэж голлож яриад байгаагийн учир бол хуулиа мэддэг, хамгийн гол нь иргэд хуулиа биелүүлэх ёстой, сахиж мөрдөх ёстой. Гэтэл шүүгч биелүүлэх, сахиж мөрдөхөөс дээд шатанд буюу хуулийг хэрэглэдэг байх ёстой. Хүн бүр хуулийг хэрэглэхгүй шүү дээ. Хэрэгтэй зүйлийг нь авна, эрхээ эдэлнэ, үүргээ биелүүлнэ. Энэ нь хуулийг сахин мөрдөх гэсэн утгатай үг. Хэрэглэнэ гэдэг бол хуулийн дагуу шийдвэр гаргах, захирамж, магадлал, тогтоол гаргах. Хуулийг хэрэглэнэ гэдэг бол албан тушаалтан болгонд байдаггүй. Зөвхөн шүүгчид байдаг зүйл. Тэгэхээр шүүгч хуулийг зөв хэрэглэхийн тулд хуулийг хэрэглэх ур чадвараа маш сайжруулж байх шаардлагатай.
Эрх зүйн соёл, эрх зүйн ухамсар өндөр төлөвшсөн байж л шүүгч болно. Өнөөдөр юм болгоныг шүүх рүү зангаад, юм болгоныг шүүгч буруу зөрүү гэж яриад байна л даа.
Авлигатай тэмцэх газар шүүгчийн талаар их бичиж байна. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын авлигад өртөж болох эрсдэлтэй байгууллагуудын жагсаалтад шүүх дээгүүр орохгүй байгаа. Өмнө хэлсэнчлэн хараат бусаар ажиллаж байна.
Прокурор төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Шүүгч хүсэлт, саналаа тухайн иргэнийхээ өмнөөс гаргадаг. Дээд шүүх, бусад шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Монгол Улс гэдэгт төр ч байна, иргэн ч байна, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж бүгд л байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх
D
H
Дэмжих үү?
0 0