"Gam Jeom" буюу хориотой үйлдэл

Б.Энхтулга
2026-08-17

Амралтын өдрөөр их юм боллоо. Өөрийгөө УИХ-д байх ёстой хэмээн үздэг айхтар лайвчин Г.Солонго гэгч эмэгтэйн хамт хэсэг хүмүүс Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа эрхэлж байсан компанийн байранд очин хэдэн ажилчдыг нь жижгэрүүлэв. Тухайн компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан гэх мэт янз янзын л мэдээлэл явж байсан. Зөвшөөрөлгүй байвал хууль, хүчний байгууллагын хийх ёстой ажлыг тэд хийх ёсгүй гэдэг нь л гол учир. Тийм ч учраас Г.Солонго нарын хүмүүс өнөөдөр хууль бус үйлдлийнхээ төлөө цагдан хоригдон шалгагдаж байгаа. Эх орныхоо төлөө гэсэн нэртэй энэ мэт хүмүүс нэгээр дуусахгүй ээ. Их олон дүр бий. Улс төр халдаг манайх шиг улсад бүр ч их байдаг. Угаас хүмүүжилгүй эх орончдын ард улс төрчид зогсож тэднээр бохир ажлаа хийлгэснийхээ хариуд тэжээдэг уламжлалтай юм чинь. Бидний мэддэг бизнесийн салбар болтлоо өргөжсөн. Тархиа зарж чадахгүй хүмүүс амаа зарж байгаа жишээ нь энэ л дээ. Түүнээс та бидний төлөө тэнд очиж савсганаад байгаа зүйл огт байхгүй. Ардаа захиалагчтай, захиалагч нь улс төрийн өрнөлд оролцоотой гэдэг нь гарцаагүй. Энэ удаагийнх тэгвэл юу байв.

Улсын баруун хязгаарт урантай тэмцэж явсан Г.Солонго яагаад зүүн хязгаарт оччихсон газрын тостой тэмцэж явах болов. Олон талаас нь сэтгүүлчид таамаглаж бичиж, ярьсан байна. Дийлэнх нь хууль бус үйл ажиллагаа явуулж байх үед нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан таг дуугүй байсныг Л.Оюун-Эрдэнийн талаас Н.Учралд үзүүлж байгаа шахалт гэсэн өнцөг гаргажээ. Ер нь хамгийн байж болох өнцөг нь энэ байх. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй тэдний фракц хөдөлгөөнд орох гээд бэлдэж байгаа учраас. Нэг ёсондоо С.Амарсайхан багтаж байгаа Засгийн газартаа үйлчлэх биш ордны гаднаас улс төр хийж байгаа фракцадаа үйлчлээд өөрийн хамгийн дуртай спорт таеквондгийн дүрмээр “Gam Jeom” буюу хориотой үйлдэл хийсэн л гэсэн үг.

Гэхдээ нэг ийм гаргалгаа бас байж болох уу. Анх байгуулагдахдаа л дотроосоо өтчихсөн алим шиг байсан Н.Учралын Засгийн газар алимынхаа өтийг түүх гэсэн байж. С.Амарсайханыг энэ үйл явдлаар олон нийтэд муухай харагдуулж байгаад Засгийн газраасаа явуулаад нэг мөсөн нэг талдаа гарч үзэлцэх санаа. Хэрвээ тийм бол С.Амарсайхан ч гэлтгүй түүнтэй хамт Ч.Номин, Ц.Идэрбат гэсэн нөхөд юм хумаа баглах байх. Тэгээд намар төсөв хэлэлцэхийн өмнө нөмрөх айхтар улс төрийг сайд нарынхаа тоог багасгасан гэх мэдэгдлээр түр аргацааж барьж магадгүй юм. Илүү, дутуу хов дундуур туучиж явахад намар гурваас дөрвөн сайдыг чөлөөлөх тухай сонсогдож л байсан. Хэрвээ тийм зүйл болох юм бол С.Амарсайханаар эхлэх байх. Ташууртай мөртөө ташуур хэрэглэж чадахгүй хүмүүст дээрэлхүүлээд байгаа юм чинь. Ташуураа өөрийнхөө мэдэлд авахыг хүсэх нь гарцаагүй биз. Хэтэрхий хартай мань мэт ургуулан бодсон ч байж мэдэх юм. Хэн мэдэх вэ тэдний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа мэдэгдэл бүр ямар нэгэн улс төрийн зорилготой болчихсон болохоор энгийн зүйлийг ч ард нь эрх ашиг явж байгаа мэтээр харж суух юм даа. Хүчтэй түлхэхэд уначих гээд байсан Засгийн газар улам л хэврэг болсоор одоо зөөлхөн шүргэхэд л ганхдаг болж.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe