С.Ариун-Эрдэнэ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын “Талуудын 17 дугаар бага хурал (COP17)” Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 17–28-нд үргэлжилж байна. Хурал албан ёсны хэлэлцээрийн Цэнхэр бүс болон олон нийт, иргэдэд нээлттэй Ногоон бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байгаа.
Иргэдэд зориулсан ногоон бүсийг өнөөдөр нээлээ. Энд нийт 481 арга хэмжээ, 180 төсөл танилцуулга, 110 хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эдгээрт Монголын 81 эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, 272 иргэний нийгмийн байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл оролцоно.
Ногоон бүсийн гол зорилгын нэг нь Монголын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл, байгаль хамгааллын уламжлалт мэдлэг, түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах юм.
Хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн хувьд COP17 болон түүний “НОГООН БҮС” нь хөрөнгө оруулалт татах, түншлэл, хамтын ажиллагаа, шинэлэг технологи, инновацын танилцуулга, залуучууд, иргэний нийгэмтэй холболт, брэнд нэр хүнд нэмэгдүүлэх зэрэг боломжийг нээж өгнө.
Ногоон бүсэд нэвтрэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар, иргэний үнэмлэхээ шалгуулан нэвтрэх боломжтой.
Цэнхэр бүсийн хувьд дэлхийн 197 орны төлөөлөгчид болон Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтэд тулгамдаад байгаа цөлжилт болон газрын доройтол, гангын асуудлаар хуралдаж, улс хоорондын, бүс хоорондын олон талт хэлэлцээ хийх юм.
Цэнхэр бүс нь зөвхөн магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх эрхтэй, COP17 хурлын албан ёсны хэлэлцээрийн талбай.
Энд албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон удирдагчдын дээд түвшний уулзалтууд болохоос гадна оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудыг төлөөлсөн үндэсний болон сэдэвчилсэн асрууд (павильон) байрлана.
Энэхүү бүсэд цөлжилт ба газрын доройтол, ногоон санхүүжилт, ус ба хүнсний аюулгүй байдал, уламжлал ба байгаль хамгаалалын талаарх дэлхийн бодлого болон хамтын шийдвэрүүд эцэслэн гарна.
Сэтгэгдэл үлдээх