О.Анужин
K-pop хамтлаг болохын тулд олон жил бэлтгэл хийж, өдөр бүр дуу, бүжиг, тайзны ур чадвараа хөгжүүлдэг нь бидний мэдэх ердийн дүр зураг.
Харин Европт энэ ойлголтыг ердөө 24 цагийн дотор туршиж үзэх сонирхолтой шинэ төсөл эхэлжээ.
“Idol Academy” нэртэй уг төсөлд таван өсвөр насны охиныг нэгтгэн, тэднийг ердөө нэг өдрийн эрчимжүүлсэн сургалтаар шинэ охидын хамтлаг болгон бэлтгэж байна. Охид дуу хоолой, бүжиг, тайзны хөдөлгөөн, багаар ажиллах зэрэг ур чадварыг мэргэжлийн багш нараас богино хугацаанд эзэмших бөгөөд эцэст нь өөрсдийн дууг бичиж, дэбүт хийх зорилготой аж.
Төслийн хамгийн сонирхолтой хэсэг нь охидын байгуулах хамтлагийн нэр RØGUE. Тус хамтлагийн таван гишүүн нийтдээ есөн өөр үндэстнийг төлөөлж байгаа нь K-pop улам бүр олон улсын шинжтэй болж буйг харуулах нэг жишээ болж байна.
Уламжлалт авьяасын шоунаас ялгаатай нь “Idol Academy” телевизээр биш, TikTok, Instagram, YouTube зэрэг сошиал платформд зориулан бүтээж байгаа аж. Өөрөөр хэлбэл үзэгчид охид хэрхэн анх танилцаж, богино хугацаанд бэлтгэл хийж, алдаа гаргаж, эцэст нь хамтлаг болж байгааг богино хэмжээний контентуудаас үзэх боломжтой.
Харин энд нэг том асуулт үлдэнэ. Олон жил бэлтгэгддэг K-pop оддыг 24 цагийн сургалтаар орлох боломжтой юу? “Idol Academy”-ийн зорилго ч яг үүнийг туршихад оршиж байна. Төслийн туршилтын хувилбар амжилттай бол 2027 онд эрэгтэй, эмэгтэй олон хамтлагийг оролцуулсан дараагийн төслүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр “K-pop од болоход хэдэн жил шаардлагатай вэ?” гэсэн асуултыг “24 цаг хангалттай байж болох уу?” болгон өөрчилсөн нь энэ төслийн хамгийн сонирхолтой санаа болж байна.
Эх сурвалж: 24-hour challenge to launch RØGUE, a new European K-Pop-style girl group - The Malta Independent
Сэтгэгдэл үлдээх