Цэнгэлдэх хүрээлэнгийн экс дарга Ж.Энхжаргалангийн хэргийг прокурорт шилжүүлжээ

.Graph
2026-08-18

Авлигатай тэмцэх газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалантай холбоотой хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Энхжаргаланг нийслэлийн өмчит компанид удирдах албан тушаал хашиж байхдаа өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдлүүдийг шалгасан байна.

Тодруулбал үнэлгээний хороо байгуулж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэр бүхий компанид 222.8 сая төгрөг шилжүүлж, давуу байдал бий болгосон гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Түүнчлэн өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлсэн хэлбэрээр улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байна.

Ингээд Авлигатай тэмцэх газраас хэргийг мөрдөн шалгаж дуусган, яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Прокурор хэргийг хянаж, шүүхэд шилжүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe