Экспорт өссөн ч төсвийн зарлага орлогоосоо ₮2.2 их наядаар давжээ

Г.Энэбиш
2026-08-18

Монгол Улсын инфляц наймдугаар сарын байдлаар 13 хувьд хүрч өсөхөд хүнсний бараа, ундаа усны үнэ 22 хувь, хувцас, бөс барааны бүлгийн үнэ 17 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Үүний зэрэгцээ гадаад худалдааны үзүүлэлтээс харахад уул уурхайн бүтээгдэхүүн Монголын экспортын гол эх үүсвэр хэвээр байна. Монгол Улс он гарснаас хойш 153 улстай худалдаа хийж, экспортын хэмжээ 12.2 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт экспортын 69 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нь улсын төсвийн орлого уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.

Гадаад худалдааны тэнцэл 5 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт, импортын нийт дүн бага зэрэг буурсан байна. Монголын гадаад худалдаанд БНХАУ-ын эзлэх байр суурь мөн өндөр хэвээр. Зөвхөн тус улстай хийсэн худалдаа 14.4 тэрбум ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн 74 хувийг бүрдүүлжээ.

Экспортын өсөлтийг зэс, нүүрс, ноолуур тэргүүлэв

Экспортын өсөлтөд голлон зэсийн хүдэр, баяжмал болон нүүрсний экспорт нөлөөлжээ. Зэсийн хүдэр, баяжмалын экспорт 2.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 89 хувиар өссөн байна. Биет хэмжээ нь 186 мянган тонноор нэмэгдэж, 1.53 сая тоннд хүрчээ. Харин нүүрсний экспортын биет хэмжээ 23 сая тонноор нэмэгдэж, 68.3 сая тоннд хүрсэн байна. Үнийн дүнгээр нүүрсний экспорт 1.7 тэрбум ам.доллар буюу 57 хувиар өсжээ. Мөн самнасан ноолуурын экспорт 71 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 93 хувиар нэмэгдсэн бөгөөд биет хэмжээ нь 1.5 мянган тоннд хүрчээ.

Импорт 10 хувиар нэмэгджээ. Импортын өсөлтөд нефтийн бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж болон хүнсний бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний импорт 21 хувь, машин, тоног төхөөрөмжийн импорт 20 хувиар өссөн байна.

Төсвийн орлого өссөн ч зарлага нь илүү хурдаар нэмэгджээ

Улсын төсвийн нийт орлого 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс өссөн байна. Харин төсвийн зарлага 19.5 их наяд төгрөгийг давснаар төсвийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар орлогын албан татвар, НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт өсжээ.

Харин татварын орлогоос буурсан гол үзүүлэлт нь орлогын албан татвар байсан бөгөөд энэ нь автомашины импорт буурсантай холбоотой байна. Зарлагын бүтцээр авч үзвэл хөрөнгийн зардал 33 хувь, их засварын зардал 32 хувиар өссөн байна. Ийнхүү экспортын орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байгаа боловч төсвийн зарлага орлогоосоо давж, алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн нь уул уурхайн экспортын өсөлт төсвийн зарлагын өсөлтийг бүрэн нөхөж чадахгүй байгааг харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe