К-попын шинэ эрин

.Graph
2026-08-19

О.Анужин

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ) К-поп хөгжмийн урсгалын нөлөөг дараагийн шатад гаргах зорилгоор “Fanomenon 2027” нэртэй дэлхийн хэмжээний соёлын наадам зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Fan” буюу шүтэн бишрэгч, “phenomenon” буюу үзэгдэл гэсэн хоёр үгийг нэгтгэсэн нэртэй уг арга хэмжээ нь уран бүтээлчдээс гадна тэднийг дэмждэг дэлхийн фэнүүдийг К-поп амжилтын гол хөдөлгөгч хүч гэж үзэж байгаагаараа онцлогтой.

Наадам 2027 оны 12 дугаар сарын 2-12-нд, нийт 11 хоногийн турш Сөүл дэх “Сөүл Арена|Seoul Arena” цэнгэлдэх хүрээлэн болон Кёнги мужийн Коян хот дахь “Кинтекс|Kintex” танхимд болно.

Сөүл Арена: K-попын томоохон уран бүтээлчдийн тоглолт болон фэнүүдэд зориулсан шагнал гардуулах ёслол.

Кинтекс: Хөгжим, хоол, гоо сайхан, загвар, вебтүүн, кино телевиз, анимейшн зэрэг Солонгосын соёлын олон салбарыг нэг дор танилцуулах үзэсгэлэн, интерактив хөтөлбөрүүд. 

Энэ наадмын хамгийн сонирхолтой хэсэг нь уран бүтээлчдийг биш, фэнүүдийг шагнах юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн идэвхтэй, нөлөө бүхий 10 фэн бүлгийг сонгож, тэдний жилийн турш хийсэн үйл ажиллагаа болон K-попод үзүүлсэн нөлөөг датагаар үнэлэхээр төлөвлөжээ. Шагналыг тухайн уран бүтээлчид фэнүүдийнхээ өмнөөс гардан авна. 

Солонгосын эрх баригчид үүнийг зөвхөн хөгжмийн наадам бус, фэндомыг өөрөө нэгэн төрлийн салбар болгон хөгжүүлэх төсөл гэж харж байна.

Наадамд нийт 520 мянган орчим хүн, үүнээс 200 орчим гадаадын жуулчин ирж, Солонгосын эдийн засагт ойролцоогоор 1 их наяд вон буюу 680 сая ам.долларын нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Мөн засгийн газар аялал жуулчлал, хилээр нэвтрэх үйл явц, аюулгүй байдлыг дэмжихээр төлөвлөж байна. 

Мөн 2028 оны тавдугаар сард Лос-Анжелес хотод Coachella наадамтай дүйцэхүйц зохион байгуулахаар зорьжээ. Цаашид дэлхийн томоохон хотуудад 20 мянга орчим хүний багтаамжтай тоглолтын талбай бүхий соёлын төвүүд байгуулах тухай ярилцаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe